ИТХ-ын ээлжит хуралдаан өргөн бүрэлдэхүүнтэй хуралджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-08 21:54:32
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаанд төсвийн шууд захирагч болон төвлөрүүлэн захирагчид, санхүү бүртгэлийн ажилтнууд 150 гаруй хүн оролцож өргөн бүрэлдэхүүнтэй хуралджээ.

Тус хуралдаанаар 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан, мөн оны санхүүгийн тайланд хийсэн аудитын үр дүн, тавьсан акт, албан шаардлагын биелэлт, 2019 оны аймгийн төсөвт оруулах өөрчлөлт, орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай, аймгийн тусгай хамгаалалтад газар авах тухай хэлэлцэн шийдэрлэжээ.

Мөн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам, энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам, зардлын нэгж тариф батлах тухай тус тус хэлэлцэн баталсан байна.

Тус хуралдаанаар аймгийн ГХБХБГ-аас 15 сумын 68 багийн хилийн заагийг тодорхойлон координатжуулж батлуулжээ.

Аймгийн Аудитын үр дүн, тавьсан акт, албан шаардлагын биелэлтийг хэлэлцүүлэх үеэр ИТХ-ын дарга С.Сүхбаатар хэлсэн үгэндээ “Аймгийн Төрийн аудитын байгууллагын хамт олон хуулийн хүрээнд, мэргэшсэн өндөр чадвартай сайн ажиллаж байна. Энэ нь сүүлийн 4, 5 жилд үүсч бий болсон өр авлагыг барагдуулах, төсвийн хууль зөрчсөн сахилга хариуцлагагүй үйлдлийг таслан зогсоох, төсвийн сахилга батыг сайжруулах талаар үр дүнтэй ажиллаж өөрчлөлт гарсан байна.

Төрийн аудитын газраас өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцон, эргэж хугацаанд нь биелэлтийг гарган ажиллахыг аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна. Бид төсвийн сахилга баттай аймаг болох хэрэгтэй” хэмээн онцолжээ.

Тус хуралдаанаас тогтоол гарч, хязгаарлалттай гарсан болон төсвийн хууль зөрчсөн, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг хуралдааны тэмдэглэлд тусган аймгийн Засаг даргад чиглэл өгсөн ажээ. 


Холбоотой мэдээ