“Хүннү эйр” Циньхуандао руу шууд нислэг үйлдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-09 14:47:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дотоодын иргэний агаарын тээврийн “Хүннү эйр” ХХК БНХАУ-ын далайн эргийн Циньхуандао хот руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Үүнтэй холбогдуулан Циньхуандаогийн аялал жуулчлалын бүсийг танилцуулах уулзалт өнөөдөр “Холидэй инн” зочид буудалд боллоо. Манай улсад ирээд буй Циньхуандаогийн Олон улсын аялал жуулчлалын товчооны ерөнхий менежер И Ченжины танилцуулснаар, Хятадын Хэбэй мужийн Циньхуандао хот нь үзэсгэлэнт Чин хуан арал дээр байрладаг, Хятадын “Зуны нийслэл” гэдгээр алдартай, далайн эргийн аялал жуулчлал хөгжсөн, жилдээ гадаад, дотоодын олон арван сая жуулчин хүлээн авдаг, эртний түүхэн дурсгал, зочломтгой үйлчилгээгээр олон улсад танигдсан, БНХАУ-ын аялал жуулчлалын дөрвөн том хотын нэг аж. Циньхуадао нь Бээжингээс 270 км зайтай оршдог, гүн цэнхэр далайн эрэг дээрх амралт, алтан шаргал элс, өтгөн шигүү ургамал, ой, халуун рашаан, усан парк, зэрлэг амьтадын хүрээлэн, алдарт цагаан хэрмийн зүүн бүсийн эхлэл цэг, далайн сувд, усан үзмийн тариалан, улаан дарсны амт, шувуудын чуулга зэргээрээ дотоод, гадаадын аялагчдын сонирхлыг татдаг байна.

МЭӨ 215 оны үед Чин Шир хэмээх хаан тусгайлан хүн томилж далайн сахиуст улс, эх орноо даатгуулдаг байснаараа алдаршсан Хятадын цорын ганц, хааны нэрээр нэрлэсэн түүхт хот аж. Циньхуандаогийн Олон улсын аялал жуулчлалын товчооны ерөнхий менежер И Ченжин хэлэхдэ, “Манай хот нь Монгол Улсад, Улаанбаатар хотод хамгийн ойр далайн эргийн аялал зугаалгын хот юм” гэдгийг онцлоод, монголчуудыг цэнхэр далайн эргийн алтан шаргал элс, Хятадын халуун рашаан, үзэсгэлэнт цэвэр байгаль хүлээж байна" гэв.




Уулзалтад оролцсон нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин хэлэхдээ, “БНХАУ байгуулагдсны болон манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ой давхцан тохиож буй энэ онд “Хүннү эйр” компани Циньхуандао руу шуу нислэг үйлдэхээр болж буй нь хоёр орны иргэдийн аялан жуулчлах бас нэгэн үүд хаалгыг нээж буй, дотоод, гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг олгож байна” гэсэн юм. Тэрээр, далай, тэнгисээс хол монголчууд хамгийн ойр, үзэсгэлэнт далайн эрэгт амарч аялах, харилцан хоёр улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын тээвэрлэгч шууд нислэг үйлдэж эхлэх нь чухал ач холбогдолтойг онцолж байв.

“Хүннү эйр” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргалын мэдээлснээр тус компанийн онгоц ирэх наймдугаар сарын эхээр Циньхуандао руу буюу Бэйдайхө рүү анхны нислэгээ хийх гэж байна. Тэрээр, “Бид 8-9-р сард долоо хоногт хоёр удаагийн давтамжтайгаар нислэг үйлдэхээр төлөвлөж, хоёр талын иргэний нисэхийн байгууллагуудын зөвшөөрлийг авч байна” гэв.  Уулзалтын үеэр “Хүннү эйр” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал, БНХАУ-ын Циньхуадао хотын Тээврийн товчооны дэд дарга Цан Найшин нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.

Өнөөдрийн уулзалтад БНХАУ-ын ӨМӨЗО-ны болон манай улсын аялал жуулчлалын компаниудын төлөөлөл өргөнөөр оролцлоо.




Дашрамд дурдахад дотоодын иргэний агаарын тээврийн “Хүннү эйр” ХХК өнгөрсөн тавдугаар сард 98 хүний суудалтай, “Эмбрейр-190” загварын агаарын хөлгөө хүлээн авч паркаа шинэчлэн, дотооддоо Мөрөн болон Ховд хотын чиглэлд, гадаадад БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот руу нисэж байна.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ