МОНЦАМЭ агентлагийн албан хаагчид төрийн дээд одон хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-07-09 16:44:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн эрхлэн гаргадаг хятад хэлээрх “Мөнгү Шяоши Бао” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул, тоймч Б.Адъяахүү нарыг  төрийн дээд Алтангадас одонгоор шагналаа.


Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан МОНЦАМЭ агентлагийн албан хаагчид ийнхүү энгэрээ мялааж байна.

Шагналыг нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай өнөөдөр гардуулав.

“Мөнгү Шяоши Бао” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул 1998 оноос МОНЦАМЭ агентлагийн хятад хэлээрх сонины редакцид орчуулагч, 2013 оноос одоог хүртэл Хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Тэрбээр “Зочид буудлын менежмент” номыг хятад хэлнээс монгол хэлнээ орчуулснаас гадна монголоос хятад хэл рүү “Сайхан” хэмээх дурсамж номыг орчуулан гаргасан юм.


Тэрбээр хэлэхдээ, “Энэ жил Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жил, МОНЦАМЭ агентлагийн “Мөнгү Шяоши Бао” сонины 90 жилийн ой тохиож байгаа. Энэхүү давхар ойн баярыг тохиолдуулан төрдөө үнэлүүлсэндээ баяртай байна. Ойн баярыг тохиолдуулан “Монгол, Хятадын найрамдал бидний нүдээр” сэдэвт хятад хэлээр эсээ бичих анхдугаар уралдаан, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хятад хэлний сургалттай ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан тус тус амжилттай зохион байгууллаа.  Манай сонин Монгол орныг гадаад ертөнцөд таниулах чиг үүргийнхээ хүрээнд уншигчдынхаа хүрээг тэлэхээр цаашид олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Тоймч Б.Адъяахүү 2008 оноос МОНЦАМЭ агентлагт орчуулагч редактор, Тоймчийн албанд тоймчоор ажиллаж байна. Тэрбээр ажиллах хугацаандаа Монгол оронд болсон улс төр, эдийн засгийн холбогдолтой, гадаадын уншигчдын сонирхлыг татахуйц үйл явдлын талаарх товч болон дэлгэрэнгүй мэдээлэл, тухайн сэдвүүдээр тус агентлагийн тоймчдын бэлтгэсэн болон бусад мэдээллийн хэрэгслүүдэд хэвлэгдсэн тойм нийтлэлүүдийг орчуулсан. Шинжлэх ухаан, техник, урлаг, соёл, спортын зэрэг бусад сэдвээр нийтдээ 14859 мэдээ болон тойм мэдээг монгол хэлнээс анги болон орос хэлнээ орчуулж, үүнээс англи хэлээр нийт 495 мэдээ, орос хэлээр 14364 мэдээ болон тойм мэдээ орчуулж, агентлагийн сүлжээ, цахим хуудсанд байршуулсан байна. Англи хэлээр дүрстэй мэдээний хөтлөгчөөр ажиллаж, олон зуун мэдээг олон нийтэд түгээсэн юм.


МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг “Мөнгү Шяоши Бао” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Мөнхтуулыг хүлээн авч уулзан, баяр хүргэсэн юм. 

Холбоотой мэдээ