Соёолон насны хурдан морьдын уралдаанд Д.Гантөмөрийн хээр түрүүллээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-07-14 21:53:16
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Үндэсний их баяр наадам, Монголын тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Орхон аймгийн баяр наадам өндөрлөлөө.  

Энэ жилийн наадмын хурдан азарганы уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Л.Эрдэнэбатын Сартай хээр азарга түрүүлж торгон жолоогоо өргөжээ. Тэгвэл аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач З.Тэмжүүжингийн Халтар азарга, айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ж.Золбоогийн бор азарга, айргийн дөрөвт З.Тэмүүжингийн бор азарга, айргийн тавд А.Энхтөрийн хонгор азарга тус тус хурдаллаа. 

Их насны морьдын уралдаанд Баян-Өндөр сумын уяач Т.Батмөнхийн бор морь түрүүлжээ. Аман хүзүүнд П.Төртөвшингийн бөхөн бор, айргийн гуравт Н.Цэрэндондовын зээрд морь, дөрөвт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач Л.Батболдын Богд шарга, айргийн тавд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Б.Золбоогийн Хонгор халзан морь тус тус хурдалсан байна.

Мөн Монгол түмний хамгийн их бэлгэшээж тоосноос нь адис авдаг соёолонгийн уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Д.Гантөмөрийн хээр соёолон орж наадамчин олныг цэнгүүллээ. Аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач З.Тэмүүжингийн хул соёолон, айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач О.Бадамжаргалын халтар соёолон, айргийн дөрөвт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уяач Х.Доржхандын буурал, айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач М.Батбаярын монгол хээр соёолон хурдалжээ. 

Хязаалан насны морины уралдааны түрүү магнайд Хөвсгөл аймгийн Тариалант сумын уяач Э.Мөнхболдын Хүрэн орж, аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ц.Саруулын бор тус тус хурдалжээ. Харин айргийн гуравт Хөвсгөл аймгийн Тариалант сумын уяач С.Дүүрэнбаярын хүрэн халзан, айргийн дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ж.Батсуурийн  хүрэн, айргийн тав Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Х.Тэмүүжингийн халиун уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа. 

Шүдлэн насны морьдын уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Б.Цэвээнсүрэнгийн зээрд түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Б.Элбэгзаяагийн  пээдгэр хээр аман хүзүүнд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач М.Мөнхбатын хээр айргийн гуравт, Төв аймгийн Заамар сумын уяач М.Мөнхтөрийн хонгор айргийн дөрөвт, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Б.Гүенбаатарын үрээ айргийн тавд хурдаллаа.

Хурдан дааганы уралдаанд Булган аймгийн Бугат сумын уяач Ж.Бат-Өлзийн зээрд даага түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уяач Б.Тэгшбаярын шарга даага аман хүзүүнд, айргийн гуравт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уяач Т.Доржхандын сартай хээр, айргийн дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач М.Батбаярын халтар, айргийн тавд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Н.Отгонбаатарын хүрэн даага орлоо. 

Холбоотой мэдээ