Х.Тэмүүжин: Шүүгчийг сонгодог тогтолцоо зарим улсад "толгойн өвчин" болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-24 19:07:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн болон олон нийтийн саналыг тусгах үүрэг бүхий Зөвшилцлийн ажлын багийн төлөвлөгөөний дагуу Төрийн ордноо өнөөдөр “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. 


Хэлэлцүүлгээр Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал, АН-ын санал, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, асуулт асууж, хариулт авлаа. 



Төслийн танилцуулгатай холбогдуулан нийт 31 оролцогч асуулт асууж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, АН-ын дэд дарга, хуульч Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон ажлын дэд багийн ахлагч, доктор О.Мөнхсайхан нар хариулсан.


Тухайлбал, УИХ-ын даргын Бодлогын зөвлөлийн гишүүн, УИХ-ын дэд дарга асан Л.Цог, Шүүгчдийн томилгоотой холбоотой асуудлаар Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал авсан эсэх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн гэж ямар хүн байхыг тодруулсан. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын багийн гишүүн Х.Нямбаатар, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд багийн ахлагч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан нар хариулав. 



Тэдний хариулснаар, Улсын дээд шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр санал ирүүлсэн байна. Хуулийн төслийн 51.2-т заасан Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл шүүгчийг батламжлахаас татгалзаж, үндэслэлээ нийтэд мэдээлнэ хэмээн заасныг хасах санал ирүүлсэн. Мөн бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгоно гэж төсөлд тусгасныг зургаан жил болгох зэрэг санал ирүүлсэн байна. Түүнчлэн Улсын дээд шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийг Улсын дээд шүүхийн дэргэд байлгах, даргыг нь томилох санал ирүүлсэн гээд сүүлийн энэ санал нь олон улсын туршлага, судалгаагаар хэрэгжих боломжгүй нь тогтоогдсон тул хүлээн авах боломжгүй гэж дэд ажлын багийн түвшинд үзсэн.


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг хоёр удаа 10 жилээр томилдог байх санал ирүүлсэн гэлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тав нь шүүгч биш гишүүд байх бөгөөд гурвыг нь харьяалах Байнгын хороо, нэгийг нь Засгийн газар, нэгийг нь мэргэжлийн холбооноос нэр дэвшүүлж, томилгооны сонсгол хийн, УИХ хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар томилохоор тусгасан хэмээн хариуллаа. Ингэснээр шүүхэд ёс бусаар нөлөөлөх эрсдлийг хаана гэж үзсэн хэмээн ажлын багаас хариулт өгсөн.



МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Л.Мөнхсайхан, хуульч Ц.Оюунбаатар нар шүүгчдийг томилдог биш сонгодог байх асуудлыг хөндсөн. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, шүүгчдийг сонгодог байх тогтолцоо нь хамгийн сул талтай хэмээгээд сонгогдохын тулд зүй бус амлалт өгч, мөнгөний хамааралтай болох магадлалтайг дурдаад, шүүгчдийг хараат бус байлгах гэж судлаачид эрэлхийлсний эцэст дээрх шийдлийг гарган, алдаа дутагдал гаргасан шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэр гаргах Шүүгчдийн хариуцлагын зөвлөлийн асуудлыг Үндсэн хуульд тусгах нь зүйтэй гэж хэмээн тодотгосон гэж тайлбарлав.



АН-ын дэд дарга, хуульч Х.Тэмүүжин, "Дэлхийн тав хүрэхгүй улсад шүүгчдийг сонгодог тогтолцоо байдаг. Өдгөө энэ загвар нь “Толгойн өвчин” болоод байна. Шүүгчид сонгогддог байвал улс төрчидтэй адил болж, нотлох баримтад тулгуурлах бус олон нийтэд таалагдах гэсэн шийдвэр гаргах магадлал өндөрсөх учир шүүхийг улс төрийн нөлөөнөөс ангид байлгах үүднээс томилдог байхаар тусгасан нь зүйтэй" гэсэн байр сууриа илэрхийлэв.


Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах бүрэн эрхийн хугацаа, Шүүгчийн хариуцлагын зөвлөлийг төсөлд хэрхэн тусгасан, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналд тусгасан Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны талаар тодруулсан.


УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, доктор О.Мөнхсайхан нарын хариулснаар, төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнээс бүрдэх бөгөөд дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллахаар тусгажээ.


Шүүгчийн хариуцлагын зөвлөл есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн гурав нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч, гурав нь хууль зүйн эрдэмтэн, гурав нь иргэдийн төлөөлөл байх бөгөөд Зөвлөлийн гишүүд нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллах аж.



Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгч өргөн барьсан төсөл, саналдаа “Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллана хэмээн тусгасныг онцоллоо. Түүнчлэн Шүүхийн сахилгын хороо хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд саналаа томилсон эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх бөгөөд бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргана хэмээн тусгажээ.


УИХ-ын нэр бүхий 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьж, УИХ-аас төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг өнгөрсөн сард хийсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, энэ сарын 16-нд УИХ-ын даргад өргөн барьсан. Хоёр төслийг хамтад нь хэлэлцүүлэх хуулийн боломж байхгүй тул Ерөнхийлөгчийн мэдүүлсэн хуулийн төслийг одоо хэлэлцэж буй УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлтэй нэгтгэж, санал боловсруулах үүрэг бүхий Зөвшилцлийн ажлын баг байгуулж, Ерөнхийлөгч даргалахаар болсон юм. Тус зөвшилцлийн ажлын баг энэ сарын 19-нд хуралдаж, ажлын төлөвлөгөөгөө боловсруулахдаа, энэ долоо хоногт таван сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон юм. 


Уржигдар тус ажлын баг Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцсэн бол өчигдөр “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдвээр төлөөлөгчид санал бодлоо солилцсон. Маргааш буюу энэ сарын 25-нд нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ