БНЭУ-ын Гамшгийн удирдлагын газартай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-30 17:26:46
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  Монхиндэр Пратап Синхийг өнөөдөр хүлээн авч уулзан хоёр орны гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

ОБЕГ БНЭУ-ын Гамшгийн удирдлагын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны эхлэл тавигдаж, цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой болох юм.

2017- 2018 онд БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Онцгой байдлын байгууллагын 20 алба хаагч тус улсад англи хэлний анхан шатны сургалтад хамрагдсан. Уулзалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал БНЭУ-ын Элчин сайдын яамнаас тус сургалтыг цаашид уламжлал болгон зохион байгуулж, дунд, ахисан шатны сургалтуудад манай алба хаагчдыг хамруулна гэдэгт найдаж буйгаа уламжилсан юм.

Холбоотой мэдээ