Үлэг гүрвэлийн музейд “Эртний төрмөлийн эрин” танхим нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-31 17:38:58
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үлэг гүрвэлийн төв музейд 300 гаруй үзмэр бүхий “Эрт төрмөлийн эрин” танхим өнөөдөр нээв.


Тус танхимд геологийн хөгжлийн эрин, галавуудад амьдарч байсан эртний амьтан, ургамлын үүсэл, хөгжлийг сэргээн босгосон баримал, зураг болон чулуужсан олдвор зэргийг үзэгчдийн хүртээл болгож байна. Музейн төлөвлөгөөнд тусгасны дагуу 2016 онд “Цэрдийн галавын гайхамшиг”, 2017 онд “Дунд төрмөлийн эрин”, 2018 онд “Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжлийн танхим” зэрэг байнгын үзэсгэлэнг жил бүр нийтэд дэлгэн үзүүлдэг байна.



Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н. Жавзмаа, “Он гарснаас хойш найман сарын хугацаанд энэхүү үзмэрүүдээ бэлдсэн. Харахад энгийн ч шинжлэх ухааны ач холбогдол их. Хүмүүс эртний амьтан гэхээр ихэвчлэн үлэг гүрвэл төсөөлдөг. Энэхүү үзмэрүүд нь үлэг гүрвэлээс ч өмнө амьд организм байсан гэдгийг харуулах зорилготой. Манай музей нь шинжлэх ухааны үндэслэлтэй үзмэр дэлгэж, соён гэгээрүүлэх, танин мэдэхүйн байгууллага юм. Нийт есөн танхим ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэхүү танхим нь манай тав дахь таним болж байна. 2020 он гэхэд бүх танхимаа ашиглалтад оруулна” хэмээв.


Монгол орны өргөн уудам нутагт эртний амьтан, ургамлын үүсэл, тэдгээрийн түүхэн хөгжлийн ор мөр чулуужин үлдсэн байдгийг энэхүү танхим дахь эрдэс чулуулгийн дээжүүдээс харж болох аж.  
Ш.Мөнхбаяр
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ