Монгол-Энэтхэгийн "Аутсорсинг"-ийн төв байгуулах ажил эхэллээ

Монголын мэдээ | Боловсрол
munkhbaatar@montsame.mn
2019-08-06 17:06:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Монгол-Энэтхэгийн мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв” төслийн II багцын гүйцэтгэгчээр шалгарсан Энэтхэгийн “Lovely International Trust” компанийн төлөөллийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хүлээн авч уулзан, хамтран ажиллах гэрээ байгуулав.


БНЭУ-ын Засгийн газар, Экзим банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Аутсорсингийн төвийн барилгыг барьж, хамгийн сүүлийн үеийн чанартай тоног төхөөрөмжөөр хангаж, тус төвд ажиллах инженерүүд болон сургагч багш нарыг бэлтгэх юм.  


БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, “Энэ төв Монголын мэдээллийн технологийн инженерүүдийн чадварыг сайжруулж, програмчлалын кодыг гадаадад экспортлох гүүр болно. Мөн уг төв дэлхийн "Call center" болох юм. Ингэснээр өндөр хөгжилтэй орнуудын Аутсорсингийн төвүүдийн хийж байгаа ажлыг манай улсад гүйцэтгэх боломж бүрдэнэ. Дэлхийн технологийн компаниудад IT-ийн үйлчилгээ үзүүлж, мэргэжилтнүүдийн дунд хөгжин дэвших өрсөлдөөн бий болно" гэдгийг онцоллоо.


Дараа нь БСШУСЯ болон “Lovely International Trust” компанийн хооронд гэрээ байгуулах ёслол болов. Ёслолд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Мохиндер Пратап Сингх оролцлоо. Тэрбээр “Энэ төсөл хоёр улсын ирээдүйн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, цэцэглүүлэн хөгжүүлэх стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй том төслүүдийн нэг: Төслийн үр дүнд Монгол Улсын 10000 залууг сургаж, IT-ийн салбарын хүний нөөцийн хүчин чадавхыг бэхжүүлнэ” гэлээ. 

Холбоотой мэдээ