М.Гантогтох: Хөдөлмөрлөж зүтгэж байгаа хүнийг амжилт замд нь тосож байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-08-27 16:32:07

Хэнтий /МОНЦАМЭ/ Олон улсын хэмжээнд чансаа өндөр тэмцээнүүдийн нэг Цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн аж ахуйн ажилтан, цагдаагийн дэслэгч Мягмарбаатарын Гантогтох -81кг-ын жинд барилдаж мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. Тэрбээр арав гаруй жил жудо бөхөөр хичээллэж байгаа бөгөөд хүчний бүх байгууллагын улсын тэмцээнд аваргалж, Дэлхийн дээвэрт барилдах эрхийн эзэн болжээ. Ингээд дэслэгч М.Гантогтохыг дөнгөж эх орондоо ирээд байхад нь түүнтэй ярилцаж сэтгэгдлийг нь хуваалцлаа.


-Хан хэнтийчүүдийн төдийгүй монголчуудын хүсэн хүлээсэн Дэлхийн аваргын мөнгөн медалийг эх орондоо авч ирсэн танд халуун баяр хүргэе. Энэ сайхан амжилтын талаар таны сэтгэгдлийг сонсъё?

- Баярлалаа. Дэлхийн арав гаруй орны арван мянга гаруй идэр залуу, эд бяр нь тэнцсэн залуучуудтай мөр зэрэгцэн оролцоод ирсэндээ баяртай байна. Энэхүү тэмцээн хоёр жилд нэг удаа болдог юм байна. Би улсын аваргаас алтан медалиас бусдыг нь авсан. Сүүлийн хоёр жил бэртэлтэй байж байгаад энэ жил тэмцээн алгасалгүй оролцож байна.

-Ямар жинд барилдсан бэ? Хамгийн хүчтэй өрсөлдөгч мэдээж алтын төлөөх барилдаан байсан байх?

-Цагдаагийн олимп гэж нэрлэгддэг энэ тэмцээнд жудо бөхийн төрөлд -81кг-ын жинд барилдсан. Тийм ээ, хамгийн хүчтэй өрсөлдөгч бол алтын төлөөх барилдаан байсан. Энэтхэг улсын тамирчинтай цаг сунгаж барилдсан. Маш их сургамжтай, хүнд барилдаан болсон.

-Тамирчин хүн олон тэмцээнд оролцож ялалт, ялагдлын олон дурсамж, сургамж үлдсэн байдаг. Тэр бүхнээс сэтгэлд маш тод үлдсэн тулаан болон амжилт, харууслаа эргэн дурсвал?

-2013 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд -73кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаан одоог хүртэл сэтгэлд тодхон байдаг. Маш хүнд барилдаан хийсэн. Тухайн үед МУБИС-ийн Тамирын гуравдугаар курсийн оюутан сургуулийнхаа нэр дээрээс барилдаж байсан юм. Намайг олон улсын хэмжээний мастер, одоогийн “Груда” клубийн үүсгэн байгуулагч О.Болд-Эрдэнэ багш маань авч гарч байсан. Багшийгаа сонсож барилдсаны хүчинд хүрэл медаль хүртэж байж билээ.

-Жудо бөхийн А үсэг заасан багшаа танилцуулаач?

-Миний багш Хэнтий аймгийн Хэрлэн нэгдүгээр сургуулийн биеийн тамирын багш, үндэсний бөхийн аймгийн харцага Г.Эрдэнэбилэг гэж хүн бий. Багшдаа маш их баярлаж явдгаа юуны өмнө хэлэхийг хүсч байна. Жудо бөх хэмээх энэ босго өндөртэй хаалгаар анх багш минь хөтөлж оруулсан юм. Түүнээс хойш арав гаруй жил энэ спортоор хичээллэж, хичээж явна. Мөн манай багшийн шавь Азийн аварга Ганхайч, Самбо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт Лхагвадорж гээд дурдах юм бол шавь нар нь маш мундаг, амжилттай яваа нь багшийн минь гавьяа гэж бодож явдаг даа.

-Монгол Улсаас дэлхийн аваргуудын эгнээнд зүй ёсоор багтсаны хувьд хойч үеийн дүү нартаа юу захиж хэлэх вэ?

-Тиймээ. Маш их баярлаж байна. Хойч үеийн дүү нартаа хандаж хэлэхэд ХӨДӨЛМӨРЛӨ гэж хэлмээр байна. Хөдөлмөрлөж зүтгэж байгаа хүнийг амжилт замд нь тосож байдаг учраас шаргуу, тууштай байж бэлтгэлээ тогтмол хийх хэрэгтэй шүү гэж хэлье.

-Дараагийн тэмцээн хаана болох вэ? Дэлхийн аваргын мөнгөн медальт гэдгээ батална биз?

-Нэн түрүүнд улсын аваргатаа орох бэлтгэлээ базааж эхэлнэ. Мөн Казакстан улсад Азийн аварга шалгаруулах тэмцээн болно гээд олон олон тэмцээн хүлээж байгаа. Энэ болгонд бэртэл гэмтэлгүй бэлтгэлээ сайн хийгээд энэ том нэр алдар, итгэл найдвар, амжилтаа хадгалж оролцохоо амалж байна.

-Энэ амжилтад хүрэхэд аав ээжээс эхлээд тусалж дэмжсэн олон хүн байгаа байх. Тэдэндээ хандаж юу хэлэх вэ?

-Мэдээж гэр бүл, хамт олон бол амжилтын хамгийн том түлхүүр гэж би боддог. Миний оролцож явсан бүхий л тэмцээнд аав минь хамгийн чухал зөвлөгөөг өгч үргэлж тусалж дэмжиж миний талд зогсож ирсэн. Аавдаа ээждээ маш их баярлаж явдгаа хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.


Холбоотой мэдээ