Нийслэлийн шуурхай хуралдаан хийж, хоёр агентлагийн даргыг ажлаас нь чөлөөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
183@montsame.mn
2019-08-31 13:01:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Захирагчийн ажлын алба, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Авто замын хөгжлийн газар зэрэг нийслэлийнхний өдөр тутмын ажил амьдралтай холбогдуулан үйл ажиллагаагаа явуулдаг нийслэлийн харьяа агентлагийн хариуцлагатай албан тушаалтнуудтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар өнөөдөр шуурхай хуралдаан хийлээ.

Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Захирагчийн ажлын албаны хийж хэрэгжүүлж буй ажлын явцын талаар товч мэдээлэл хүргэв. Ингэхдээ өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон сургууль, цэцэрлэгийн барилгын засвар шинэчлэлийн асуудал, борооны ус тогтдог газруудыг засварлах ажлын зураг төслийн захирамжийн төсөл боловсруулсан гээд мөн хот нийтийн аж ахуйн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлаа тайлагнав.

Хотын Захирагч С.Амарсайхан “Хавар хийсэн бүх нийтийн 90 минутын цэвэрлэгээний ажил үр дүнтэй болсон. Энэ ажлыг үргэлжлүүлж, дүүрэг, хорооны бүх хэсгийг хамруулж, илүү өргөн хүрээнд зохион байгуулах хэрэгтэй. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд хэрэгжүүлэх, ялангуяа өвлийн улиралд авто зам дээр цацдаг бодис давсыг ТҮК-ийн ажилтнууд хүрзээр машины тэвшин дээрээс цацдаг байдлыг өөрчилж, авто замын хальтиргаа гулгааг арилгах зориулалт бүхий техник хэрэгсэл, машин механизмыг худалдан авахад анхаарч ажиллах”-ыг Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг чиглэл болгов.

Дараа нь, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хийж хэрэгжүүлж буй ажлын явцаа тайлагнав. Тэрбээр “Авто замын хөгжлийн газарт 69 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна. Замын цагдаагийн гүүрэн гарцыг есдүгээр сарын 15-н гэхэд В рампын хамт нээхээр ажиллаж байна. Шөнийн цагаар хоёр ээлжээр ажиллахад осол гарах эрсдэлтэй байна. Мөн ойр орчмын нь орон сууцанд амьдарч буй иргэд 22:00 цагаас хойш ажиллахгүй байхыг шаардаж байгаа. Бусад төсөл арга хэмжээнүүд хэвийн үргэлжилж байна” хэмээлээ. 

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа ажил, төсөл хөтөлбөрүүдийн хувьд болж бүтэж байгаа зүйл цөөнгүй байгаа. Гэвч шийдвэрлэгдэхгүй удаж байгаа, хугацаа алдаж байгаа, гаргасан шийдвэр ажил болох тал дээр үр дүн муутай байгаа ажил мөн цөөнгүй байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгжүүд агаарын бохирдлыг бууруулах ажилд идэвх санаачлагатай оролцох шаардлагатай. Шат шатандаа ажлын хариуцлагыг өндөр ухамсарлаж, хариуцсан ажилдаа эзний ёсоор ханддаг байх ёстой. Хариуцсан ажилдаа удаа дараа хариуцлага алдаж, нийслэлийн ажлыг гацааж байгаа зарим газрын дарга нарыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Нийслэлийнхний хувьд том шалгуур болсон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, айл өрх бүрт сайжруулсан шахмал түлшийг түгээх, борлуулах, мэдээлэл зөвлөмжөөр хангах ажлыг удаа дараа хангалтгүй зохион байгуулж байгаа Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга болон хүйтний улирлаас өмнө зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж чадахгүй байгаа, салбарын ажилдаа хангалттай хэмжээнд хяналт тавьж ажиллаж чадахгүй байгаа Авто замын хөгжлийн газрын дарга нарыг албан үүргээ хүлээлгэж өгөх шийдвэрийг гаргаж байна” гээд холбогдох албан тушаалтнуудыг хариуцсан ажлаа төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг хатуу анхааруулж, цаашид эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтнуудтай ажлын хариуцлага тооцож ажиллахаа мэдэгдлээ.

Холбоотой мэдээ