Жошуа Вонг АНУ-ын Конгрессийн сонсгол хуралд оролцов

ХИЛИЙН ЧАНАДААС
batbold.sh@montsame.gov.mn
2019-09-19 11:16:42
@ShoovdorBatbold

            Бээжин /МОНЦАМЭ/. Хонгконгийн Ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вонг, нэрт дуучин Дэниз Ван Си зэрэг хүмүүс АНУ-ын Конгрессийн сонсголд оролцсон байна.

            Тэдний зүгээс АНУ-ын Конгресст хандан Хонгконгийн ард түмний эсэргүүцэлд дэмжлэг үзүүлэхийг хүсч, нэн даруй “Хонгконгийн хүний эрх, ардчиллын тухай хууль”-ийг батлахыг уриалжээ.  

            Тэмцэгч Жошуа Вонг энэ үеэр хэлсэн үгэндээ “Хонгконгийн “нэг улс, хоёр систем” аль хэдийнээ өөрчлөгдөж “нэг улс, нэг систем” болох аюул тулгараад байна. Ойрын үед Хонгконгд болж буй тэмцэл үүнийг батлан харуулж байна. Хонгконгийн асуудал одоо маш эгзэгтэй цаг үед ирээд байна. Вашингтонд Хонгконгийн асуудалд анхаарал хандуулах анхны байгууллага байгуулагдаж байна. Илүү олон Америк хүн Хонгконгийн асуудлыг анхаараасай гэж хүсч байна” гэв.  

            Дуучин Дэниз Ван Си хэлэхдээ “Хонгконг бол дэлхий дээр өөрийн гэсэн өвөрмөц, ангид байр суурь, хөгжил цэцэглэлттэй. Гэвч одоо Хонгконгийн тэрхүү сайн системд урд өмнө нь байгаагүйгээр аюул нүүрлээд байна. Хонгконгийн ард түмний амьдрал айдас хүйдэстэй болж, олон түмэн эрх чөлөөгөө алдахад хүрээд байна. АНУ-ын Конгрессийг Хонгконгтой хамт нэг талд зогсож “Хонгконгийн хүний эрх, ардчиллын хууль”-ийг батлахыг уриалж байна. Энэ бол гадаад улс хөндлөнгөөс оролцож буй хэрэг биш юм. Хонгконг тусгаар улс болохын тулд үүнийг хийгээгүй, хүний эрх, ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэл юм” гэлээ.

            АНУ-ын Конгрессийн Хятадын асуудал хариуцсан зөвлөлийн дарга Марко Рубио мөн энэхүү хуулийг нэн яаралтай батлаж, амлалтаа зөрчиж буй хятадын талд хариуцлага хүлээлгэхийг уриалсан байна.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ