П.Болортунгалаг: “Эко цэцэрлэг” болох зорилт тавин ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-20 00:02:45

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ууган нэгдүгээр цэцэрлэг энэ хичээлийн жилд Герман мэргэжилтнийг урьж ирүүлэн хамтран ажиллаж байна. Тус цэцэрлэг 2018-2019 оны хичээлийн жилд суралцагч нэг бүрийнхээ амжилтыг ахиулах зорилгоо биелүүлж, хүүхдийн сурлага хүмүүжлээр аймагтаа 95 хувиар тэргүүлсэн байна. Тус цэцэрлэгийн эрхлэгч П.Болортунгалагтай хийсэн ярилцлагаа хүргэе.

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хэрлэн нэгдүгээр цэцэрлэгийн ажилсаг бүтээлч хамт олныг уншигчидтайгаа        уулзуулж байгаадаа баяртай байна.

-Баярлалаа. Манай цэцэрлэгээр зочлон сурвалжлага бэлтгэж байгаа танай хамт олонд мөн талархал илэрхийлье. Манай цэцэрлэгийг 1931 онд үүсгэн байгуулсан. Энэ байр маань 1962 онд ашиглалтад орж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Энэ хичээлийн жилд нийт 32 багш ажилтантай, үүнээс хоёр удирдах ажилтан, бүлгийн багш ес, туслах багш ес, тогооч гурав, жижүүр дөрвөн хүн ажилладаг. Энэ жил 330 гаруй хүүхдийг хүлээн авч ажиллаж байна. Манайд дөрөвдүгээр багийн хүүхдүүд хамрагддаг.

-Бидний нэрлэж заншсанаар Малчдын хорооны цэцэрлэг танай салбар гэж сонссон.

-Тийм ээ. Манай цэцэрлэг есөн бүлэгтэй. Аймгийн төвдөө найман бүлэг, Цогт-Өндөр баг буюу зургаадугаар багт нэг салбар бүлэг байдаг. Өнгөрсөн хугацаанд монгол гэрт бяцхан багачууддаа СӨБ-ын үйлчилгээг үзүүлж ирсэн бол энэ хичээлийн жилд 30 хүүхдийн шинэ цэцэрлэг хүлээн авсандаа манай хамт олон туйлын баяртай байгаа. Энэ ташрамд тус багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч У.Одхүү болон аймаг орон нутгийн удирдлагууддаа нийт эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

-Ууган цэцэрлэгийн маань орчин нөхцөл, тохижилтыг хэрхэн хийсэн бэ?

-2018-2019 оны хичээлийн жилд эко орчин бүрдүүлж “Эко цэцэрлэг” болох зорилт тавин ажиллаж байгаа. Энэхүү зорилтынхоо хүрээнд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарах, суралцах таатай орчин нөхцөл бүрдүүлэх ажлуудыг нэлээд хийгээд байна.

Манай цэцэрлэг 2017 онд 140 сая төгрөгийн “их засвар”-т орсон. Бид хүүхдийн туршилтын талбайнуудыг цогцоор нь, анги бүлгүүдийнхээ булангийн тохижилтыг үе шаттайгаар хийгээд явж байна. Ерөнхийдөө Эко цэцэрлэг гэдэгт гадна, дотно орчин, сургалтын үйл ажиллагаанууд хамрагддаг учраас хүүхдийн эрүүл мэнд, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хамтад нь анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал ардын эмнэлэгтэй гэрээ байгуулаад хоёр жил ажилчдаа хэвтэн эмчлүүлэх, сувилуулах үйлчилгээнд хамруулж байна. Нэгдсэн эмнэлэгтэй хамтран хүүхдүүдийг улиралдаа нэг удаа цогц үзлэг шинжилгээнд хамруулдаг. Мөн сар бүр багийн өрхийн эмч нартай хамтарч ажилладаг.  

-Байгууллага бүрийн өмнө үүнийг л шийдчих юмсан гэсэн тулгамдсан асуудал байдаг шүү дээ. Танай цэцэрлэгийн хувьд?

-Хүүхдийн тооны хувьд үнэхээр илүүдэлтэй байна. Манай үндсэн байр 175 хүүхэд суралцах хүчин чадалтай. Дээр нь дуу хөгжмийн кабинетээ анги болгосноор 200 хүүхэд хүлээж авах боломжтой болсон. Тэгтэл манай цэцэрлэг 330 хүүхэдтэй буюу анги дүүргэлт 42-45 суралцагчтай байна. Тиймээс шинэ байртай болох юмуу өргөтгөл хийх шаардлага нэн тэргүүний асуудал болж байна даа.

-Ер нь хүүхэд багачууд маань цэцэрлэгт хүмүүжсэнээр ямар зөв дадлыг эзэмшдэг вэ? Эцэг эхчүүд бид юун дээр нь хэрхэн анхаарч байх ёстой вэ? Зөвлөгөө өгөөч?

-Цэцэрлэг бол аав ээжийн энхрий бяцхан үрсэд амьдралын эрүүл, зөв дадал хэвшлийг бага насанд нь олгохоос гадна багаасаа нийгэмших, хамт олонтой болох, хүнтэй зөв харилцаж сурах зэрэг төлөвшлийг суулгадаг. Цэцэрлэг дээрээ хүүхдүүд эрүүл ахуйн зөв дадал хэвшилд суралцаад явж байдаг. Харин гэртээ очоод сурсан зүйлээ бататгах, хэвшүүлэх, хэрэгжүүлэх ёстой байтал энэ тал дээр манай эцэг эхчүүд хайнга ханддаг тал бий. Тиймээс хүүхдийнхээ багштай эргэх холбоотой ажиллаж юу сурсныг нь асууж лавлан хэрхэн бататгах талаар зөвлөмж авч хэрэгжүүлж байвал Та хүүхдээ насан туршийн зөв дадал хэвшилд сургахад тусалж чадах юм.

-Хүүхдүүдтэй ажиллана гэдэг амаргүй. Багш нараа чадавхжуулах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-2018-2019 онд аймгийн БСУГ-аас санаачлан “Хүмүүжлийн эерэг арга-300” аяныг зохион байгуулсан байгаа. Энэ аяны хүрээнд манай цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг эхчүүдтэйгээ хамтран нэлээд ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал залуу гэр бүлүүдийг хамруулан “Хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?”, “2-5 настай хүүхдийн насны онцлог” зэрэг сургалтуудыг “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулсан. Мөн энэ аяны хүрээнд багш нараа сургагч багшаар бэлтгэсэн. Тун удахгүй есөн сарын 21-нд “Гэр бүлийн баяр” үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ ажлын маань гол утга учир нь эцэг эх хүүхдийн хоорондын амьд харилцаанд багахан ч гэсэн хувь нэмэр оруулах зорилготой юм.

 

Холбоотой мэдээ