Монгол Улс, БНХАУ-ын ШУӨЗО-ы хамтын ажиллагааны баг 12 жилийн дараа хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-20 16:20:55
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ГХЯ, БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны  Ардын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны багийн хоёрдугаар хуралдаан энэ сарын 19-нд Өрөмч хотноо боллоо.


Хуралдааныг Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын засгийн газрын Дэд тэргүүлэгч Жан Чуньлинь нар тэргүүлж, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгуудын удирдлага, БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөл болон хоёр талын холбогдох албан тушаалтнууд оролцов.


2007 онд байгуулснаас хойш хуралдаагүй байсан энэхүү механизмыг 12 жилийн дараа ийнхүү сэргээж байгаад талууд баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улс болон ШУӨЗО, яланугуяа Монгол Улсын баруун бүсийн таван аймаг болон ШУӨЗО-ны хооронд бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх илүү их боломж нээгдэж байгааг онцлон тэмдэглэв. Цаашид энэхүү хуралдааныг тогмолжуулж хоёр жилд нэг удаа харилцан зохион байгуулахаар тохиролцлоо.

Энэ удаагийн хуралдаанаар талууд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, зам, тээвэр, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, олон асуудлаар тохиролцоонд хүрэв. Тухайлбал, хоёр талын холбогдох боомтын ачаа тээвэр, зорчигч хилээр нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлчилгээг сайжруулах чиглэлд хамтран ажиллаж, энэ хүрээнд боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг урагшуулж, боомтын менежментийн ажлын уулзалтын механизмыг байгуулж, боомт дээр үүссэн асуудлыг цаг тухайд нь хэлэлцэж шийдвэрлэж байхаар тохиролцлоо. Түүнчлэн хоёр талын хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд экспо, үзэсгэлэн тогтмол зохион байгуулахаар тохирч, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд экспортлох талаар санал солилцов.

Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажилагааг хөгжүүлэх хүрээнд их дээд болон тусгай мэргэжлийн сургуулиуд хооронд хамтын ажиллагаа тогтоох, мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх техникийн хамтын ажиллагааны судалгааг урагшлуулах, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцлоо.

“Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд ШУӨЗО чухал үүрэгтэйг монголын талаас онцлоод энэ хүрээнд Монгол, Хятад, Орос гурван улсын авто машины тээвэрлэлтийг эхлүүлэхээр болов. Хуралдааны протоколд ГХЯ-ны Төрийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ШУӨЗО-ны Ардын засгийн газрын Дэд тэргүүлэгч Жан Чуньлинь нар гарын үсэг зурлаа.

Холбоотой мэдээ