Утга зохиолын II чуулганд 60 орчим хүн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-24 15:27:39

Ховд /МОНЦАМЭ/. Баруун бүсийн Утга зохиолын II чуулган энэ сарын 23-24-нд Ховд аймагт боллоо.

Өнгөрсөн жил баруун бүсийн Утга зохиолын анхдугаар чуулганыг Завхан аймагт зохион байгуулж байсан. Харин энэ жил Монголын Зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд баруун бүсийн Утга зохиолын II чуулганыг Ховд аймагт зохион байгуулсан нь энэ юм.

Энэ удаагийн чуулганыг Монголын их соён гэгээрүүлэгч, төр, шашин, соёлын нэрт  зүтгэлтэн Зая бандида Намхайжамцын нэрэмжит болгосноороо онцлогтой.

Чуулганд баруун аймгуудын зохиолч, яруу найрагч, утга зохиол судлаачдын төлөөлөл 60 орчим хүн оролцож, уран бүтээлийн онгод, үзэл санаа, төсөөлөл, шинэ эрэлхийллийн тухай харилцан санал солилцов.  

Чуулганы хүрээнд “Утга зохиол оюун санааны мөнхийн өв баялаг” сэдэвт  хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр  орон нутаг дахь соёл, утга зохиолын амьдралын төлөв байдал, уран зохиолын дугуйлангийн уламжлал, шинэчлэл, өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын  талаар 10 орчим  илтгэл хэлэлцэв.

Мөн МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн Х.Эрдэнэбаатар агсны нэрэмжит “Алтайн дуулал” уран зохиолын наадам боллоо. Тус наадмын хүрээнд 30 гаруй яруу найрагч бүтээлээ олон нийтийн хүртээл болгосноор онцлох таван бүтээлийг тодруулсан. Үүнд, У.Батболдын “Сэтгэл минь тэнгэрт амардаг”, Ц.Отгонбаатарын “Би чоно”, Б.Буянбадрахын “Эртний нутаг”, Х.Чимэдрэгзэнгийн “Юунд ч санаа зовохгүй”, Н.Сүнжидмаагийн “Аавдаа” гэсэн таван шүлэг шилдгээр шалгарчээ.

Чуулган уншигч, зохиолчдын уулзалт, уран бүтээлийн аялал, нэрт яруу найрагч, зохиолч Лувсангийн Дагвадорж агсны уран бүтээлийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний нээлтийн ёслол зэрэг үйл ажиллагаагаар Буянт суманд өрнөж байна.  

Чуулганы зохион байгуулагчаар Ховд аймгийн ЗДТГ, ИТХ, МЗЭ-ийн Ховд аймаг дахь Алтай салбар, Монголын зохиолчдын эвлэл, Ховд их сургууль, Буянт сум зэрэг байгууллага хамтран ажиллаж байна.  

Холбоотой мэдээ