Ухаалаг хотын асуудлаар олон улсын эрдэмтэд хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА, ЗТХЯ,НЗДТГ, ХБНГУ-ын байгууллагууд хамтран зохион байгуулж буй “Ухаалаг хотууд тогтвортой хийгээд хөдөлгөөнт байдал” олон улсын хурал өнөөдөр “Пума” зочид буудалд эхэллээ.
Хурлаар өнөөг хүртэл хийсэн ухаалаг
хотуудын судалгааг танилцуулж Улаанбаатар хотод ямар ажил хийвэл зохих вэ
гэдгийг эрдэмтэн судлаачид хэлэлцэж байгаа юм.
ШУА-ийн
ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ, “Монгол Улс ухаалаг тогтолцоонд хурдацтай шилжиж байна гэж мэргэжлийн улсууд хэлж байгаа.
Ухаалаг карт, утас гэх мэт том орон зайд ухаалаг хэрэглээ бий болж байна.
Өөрөөр хэлбэл, хүний эсвэл байгууллагын хийх ёстой зүйлийг юмс, программын
тусламжтай хийж байна. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үр дүнд
бий болох олон зүйлийн томоохон хэсэг нь ухаалаг хотыг бий болгох явдал юм. Аж үйлдвэрийн хувьсгалын 23 технологиос
хамгийн өргөн хэрэгжиж байгаа
нь ухаалаг хотын асуудал. Ухаалаг хотыг бий болгоход ухаалаг хотын
концепц, үзэл санааг боловсруулсан Германы
алдартай эрдэмтэн профессорууд манай
улсад ирж, Азийн зарим оронд
ухаалаг хотыг бий болгох асуудлаар хамтарч хурал зохион байгуулж байгаа нь
манай нийслэл хотынхон, ухаалаг
хотыг судалдаг эрдэмтэн судлаачдад дэмжлэг
болно. Яагаад гэвэл, бид хотын түвшинд ухаалаг
хот байгуулах асуудлыг дөнгөж ярьж эхэлж байна. Тэгвэл өндөр хөгжилтэй орнуудад
хотын гудамжаар жолоочгүй машин, жолоочгүй нисдэг онгоц явж байна. Мөн далайн
тээврийг жолоочгүй болгох гэж байна. Мөн энергийн хэрэглээ багатай автобус,
төмөр зам бий болгох гэхчлэн ухаалаг үйлчилгээг хэрхэн хийж байна, дэлхийн
тэргүүлэх орон аль түвшинд байна, монголчууд юунд анхаарах талаар энэхүү
хурлаар хэлэлцэнэ” гэв.
“Ухаалаг хотын зорилт нь иргэдийнхээ ая тухтай байдлыг яаж
хангах вэ гэдэгт байдаг. Зорилго нь хүрээлэн буй орчин, агаарын бохирдол
зэрэг асуудлыг орчин үеийн технологийн шийдлийг ашиглаж шийдэх, хотын иргэдийн
тав тухтай байдлыг хангах юм. Ухаалаг хотод тавигдах шалгуур үзүүлэлт бий. Тухайлбал,
тухайн хотын дэд бүтцүүд хоорондоо уялдаа холбоотой, сүлжээтэй байх ёстой. Энэ
сүлжээ нь ямар ч иргэнд нээлттэй байх хэрэгтэй” гэж Герман улсаас оролцогч
Кристиан Рамиг хэллээ.
Тус хурал дөрвөн өдөр үргэлжилнэ.