Ноён уулыг дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-25 13:50:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Ноён уулыг Дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн байна.


Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 1995 оны зургаадугаар сарын 29-ний 16 дугаар тогтоолоор тухайн бүс нутгийн 21 мянга 600 га газрыг улсын тусгай хамгаалалтад авчээ. Гэвч үүнээс хойш энэ газарт таван ААН-ийн 12 лиценз олгогдсон байна. Тухайлбал, аймгийн ИТХ-ын дээрх шийдвэр гарахаас нэг хоногийн өмнө буюу 1995 оны зургаадугаар сарын 28-нд 359.7 га газарт алтны хайгуулын лиценз анх олгожээ. Үүнээс хойш 2004 он хүртэл нийт 12 хайгуулын лиценз олгосон байна.  Засгийн газрын энэ сарын 11-ний хуралдаанаар тэдгээр лицензийг хуулийн дагуу олгогдсон эсэхийг шалгуулахаар тогтсон юм. 


Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, “Ноён уул орчимд олгогдсон 12 ашигт малтмалын хайгуулын лицензийн хууль хяналтын байгууллагад шалгуулахад, шүүхээс дөрвийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ноён уулыг тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг дэмжиж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. УИХ хүлээн авч дэмжвэл дээрх тогтоолын төсөл батлагдана” гэлээ. 


Мөн тэрбээр Хөвсгөл аймгаас олдсон Монголын эзэнт гүрний үеийн олдворыг хамгаалахад Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжилт гаргахаар шийдвэрлэсэн тухай танилцууллаа. Сүүлийн жилүүдэд эртний булш хууль бусаар ухах явдал ихсэж байгаа тул үүнд анхаарал хандуулах шаардлагатай хэмээн тогтжээ. Жилд дунджаар 800-1000 булшийг хууль бусаар ухдаг гэсэн судалгааны дүн гарсан байна.

Холбоотой мэдээ