Хедер Уилэр: Монгол Улс гайхалтай хөгжих замдаа оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-02 19:28:36
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад айлчилж буй ИБУИНХУ-ын Гадаад болон хамтын нөхөрлөлийн хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн Төрийн сайд Хедер Уилэр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.


- Их Британи ЕХ-оос гарах гэж буйтай холбоотой Ази руу чиглэсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна уу. Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ямар боломж байгаа вэ?


- Манай улс энэ сарын 31-нд ЕХ-оос гарч байгааг Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн. ЕХ-оос гарсан ч дэлхийн бүх улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Тэр дундаа хуучны анд болох Монгол Улстай найрсаг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлнэ. Ази тивийн тухайд бид сая БНСУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Монгол Улстай экспорт, импортын тал дээр хамтарч ажилласан хэвээр байх болно.


- Манай улстай боловсрол, худалдааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд ямар бодлого баримталж байгаа вэ?


- Монгол Улсын боловсролын салбарт хөрөнгө оруулахад анхаарч байна. Сүүлийн жилүүдэд Кембрижийн сургалттай сургуулиудын хөтөлбөрийг боловсруулах тал дээр Британийн Кембрижийн үнэлгээний төв БСШУСЯ нягт хамтран ажиллаж байна. Нөгөө талаараа Британийн их дээд сургуулиудад суралцах монгол оюутны тоо жилээс жилд нэмэгдэж байна. Иймд манай улсын Засгийн газар 2020 оны есдүгээр сараас Британийн их дээд сургуулиудад элсэн суралцах оюутнуудад нэмэлт хоёр жилийн виз олгож, төгсөөд тэндээ ажиллаж туршлага хуримтлуулах боломж олгохоор болсон. Монгол залуучууд Британид олж авсан мэдлэг туршлагаараа эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулаасай гэж хүсэж байна.


- ЕХ-оос гарсантай холбоотой танай улсын виз олгох болон цагаачлалын журамд өөрчлөлт орж байгаа юу?


- Цагаачлалын журманд тодорхой шинэчлэл хийгдэнэ. Энэ талаар саяхан манай Дотоод хэргийн яамны сайд мэдээлсэн. Жишээлбэл, анагаах, инженер, шинжлэх ухааны чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн, манай улсад ажиллах хүсэлтэй, Британийн аль нэг байгууллагаас ажиллах урилга авсан хүмүүсийг дэмжинэ. Манайх оноонд суурилсан цагаачлалын бодлого хэрэгжүүлэх бөгөөд ерөнхийдөө Австрали улсын цагаачлалын бодлоготой төстэй болж байгаа. Манай улсад ажиллаж амьдарч байгаа Европын орнуудын иргэд бүртгэл хийлгээд үргэлжлүүлэн ажиллах боломжоор хангаж байна.


- Монгол Улсаас Их Британид экспортолж буй зарим бараа бүтээгдэхүүн тодорхой хэмжээний хөнгөлөлт эдэлдэг нь хэвээр үлдэх үү?


- Үүнд санаа зовохгүй байж болно. Дээр хэлсэнчлэн манай улс ЕХ-оос гарсан ч олон улстай өмнө нь байгуулсан гэрээ хэлэлцээр хэвээр үлдэнэ. Монгол Улстай байгуулсан гэрээ хэлэлцээрийн тогтвортой хэрэгжилтийг манай Элчин сайд хариуцан ажиллана. Олон улстай гэрээ хэлэлцээрээ шинэчлэн байгуулах ажил хоёр жил орчим үргэлжилнэ гэж бодож байна. Тэр болтол хуучин гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ.   


- Олон улсын шинжээчид Монгол Улсын хөгжлийг дэлхий нийтийн хөгжлөөс 100 жилээр хоцорч байна гэж дүгнэдэг. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?


- Монгол Улс сүүлийн 30 жилд олон өөрчлөлт, шинэчлэлийг даван туулж, гайхалтай хөгжих замдаа оржээ гэж би харж байна. Монголчууд ардчиллыг дэмждэг, ардчилалд хайртай ард түмэн юм. Оюу толгой төсөлд 12 тэрбум паундын хөрөнгө оруулалт хийсэн байна. Гүний уурхайн олборлолт эхлэхэд танай улс улам хурдацтай хөгжинө. Оюу толгойн нийт ажилчдын 90 гаруй хувийг дотоодын ажиллах хүч бүрдүүлж байгаа нь улсын эдийн засагт эерэг үр дүнгээ өгнө. Монгол Улсыг ардчилсан сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэж байна.


Холбоотой мэдээ