Худалдааны дайн "түр зогсож” АНУ-ын шар буурцагны экспорт огцом нэмэгдлээ

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-10-05 09:23:30

Бээжин /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын шар буурцагны экспорт нэг дахин нэмэгдсэн бөгөөд сүүлийн долоон сарын хугацаан дахь хамгийн их хэмжээнд хүрэв.

Тодруулбал, сүүлийн жил гаруйн хугацаанд үргэлжилж буй АНУ-БНХАУ-ын Худалдааны дайн түр “намжиж”, АНУ-аас БНХАУ руу экспортолж буй шар буурцагны хэмжээнд огцом өсөлт гарлаа.

 “Өнгөрсөн сарын 19-26-ны өдөр экспорт нь өмнөх 7 хоногоос 1.04 сая тн-оор нэмэгдэж, 2.08 сая тн-д хүрсэн байна. Үүнээс 1.56 сая тн шар буурцгийг БНХАУ руу экспортолсон” хэмээн АНУ-ын ХААЯ-наас өчигдөр гаргасан статистикт мэдээлсэн байна.

Хятадын тал АНУ-ын бараа бүтээгдэхүүнд тарифын хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авах болсноо энэ сард зарласан. Улмаар дээрх хоёр улсын өндөр дээд түвшний яриа хэлэлцээ дараагийн долоо хоногоос дахин эхлэх юм.

Тус яриа хэлэлцээний өмнө Хятадын тал АНУ-аас авч буй хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний хэмжээг огцом нэмэгдүүлж буй нь яриа хэлэлцээг амжилттай болгох үүднээс хийж буй алхам хэмээн шинжээчид үзэж байна.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ