Хот суурин газрын усны менежмент олон улсын бага хурал боллоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-10-22 21:39:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод "Хот суурин газрын усны аж ахуйн тогтвортой хөгжил" олон улсын онол практикийн бага хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд болов.

Хурлаар бохир ус, шугам хоолойн засвар үйлчилгээ, бага оврын цэвэрлэх байгууламжийг Монголд ашигласан туршлага, ундны усны худаг барих аргачлал, усны аж ахуйн эрчим хүчний үр ашиг, хот суурин газрын усны аж ахуйн тогтвортой хөгжлийн онол зэрэг  илтгэл хэлэлцүүлж, Мөрөн хотын усны менежментэй танилцаж цаашид хамтран ажиллах талаар ярилцав.

Тус хуралд Барут Марк хотын усны мэргэжилтнүүд, Брандербургийн усны академийн төлөөлөл, Хөвсгөл аймгийн мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцлоо. Барут Марк хот нь Мөрөн хоттой 2011 оноос хойш түншлэлийн харилцааг идэвхтэй хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд  “Ам Хайдевег” дүүрэгт “Muruner Straße” буюу “Мөрөнгийн” гудамжийг өнгөрсөн онд байгуулсан юм. Мөн хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт гал унтраах автомашин, сургуулиудад ус цэвэршүүлэх төхөөрөмж зэргийг өмнө нь нийлүүлж байсан ба цаашид Мөрөн хотын иргэдийг цэвэр усаар хангах менежментийн тал дээр хамтран ажиллах ажээ.

Холбоотой мэдээ