Манай улсад 28 мянган гадаадын иргэн оршин суудаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-17 17:30:19
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсад дэлхийн 131 улсын 28 мянга гаруй иргэн түр хугацаагаар буюу 90-ээс доош хоногоор оршин сууж байна. Тэдний 20 гаруй мянга нь Улаанбаатар хотод, үлдсэн нь Дорнод, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор зэрэг уул уурхайн идэвхтэй бүсэд оршин суудаг аж. Монгол Улсад гадаадын иргэн оршин суух 29 төрлийн зөвшөөрөл байдаг хэмээн ГИХГ-ын дарга Д.Мөрөн  өнөөдөр мэдээллээ.


Гадаадын иргэн оршин суух хуулиар хязгаарласан тоо хэвийн хэмжээнд байна


Манай улсад нийт хүн амын гурван хувьтай тэнцэх буюу 97 мянга орчим гадаадын иргэн оршин суух боломжтойг хуульд заасан байдаг. Харин нэг улсын иргэн нийт хүн амын нэг хувиас хэтрэх ёсгүй. Өнөөдрийн байдлаар манай улсад БНХАУ-ын 13248 иргэн оршин сууж байгаа бөгөөд энэ нь нийт хун амын 0.4 хувийг эзэлж байна. Харин цагаачлан амьдарч буй хүний тоо нийт хүн амын 0.5 хувь буюу 16 мянга орчим байх боломжтой. Үүнээс нэг улсын иргэн нийт хүн амын 0.17 хувиас бага байна гэж хуулинд заажээ. Өнөөдрийн байдлаар, манай улсад 16 орны 1927 иргэн цагаачлан амьдарч байгаа бөгөөд тэдгээрийн дийлэнх нь БНХАУ болон ОХУ-ын иргэд байгаа аж. Өөрөөр хэлбэл, манай улсад оршин суух хуулиар хязгаарласан гадаадын иргэний тоо хэвийн хэмжээнд байгааг ГИХГ-ын дарга Д.Мөрөн цаг үеийн асуудлаар мэдээлэхдээ онцоллоо. 


2000 гаруй жуулчинд боомтууд дээр виз олгожээ


Энэ жил манай улсын их дээд сургуульд суралцах гадаадын оюутны тоо 2700 болж өмнөх оныхтой харьцуулбал 28 хувиар өсжээ. Харин аялал жуулчлалтай холбоотой виз олголт 24110 болж өнгөрсөн оныхтой харьцуулбал 8 хувиар өсжээ.  Үүнээс аяллын компаниар дамжин 30-аас дээш хоногоор манай улсад зорчсон 2374 иргэнд хилийн боомтууд дээр виз олгож үйлчилсэн байна. Түүнчлэн энэ оны тавдугаар сарын 1-ээс цахим визийн үйлчилгээг нэвтрүүлж гадаадын иргэдийн визийн мэдүүлгийг цахимаар авч хариу өгч байгаа аж.


БНХАУ-ын 8522 иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгожээ


Жил бүр Монгол Улсын Засгийн газар уул уурхай, барилга, үйлдвэрлэлийн салбарт ажиллах гадаадын ажилчдын тоонд квот тогтоодог. Засгийн газрын долоон удаагийн тогтоолоор 13633 гадаадын иргэнд ажиллах зөвшөөрөл олгожээ. Одоогоор манай улсад 87 улсын 9929 иргэн хөдөлмөр эрхэлж байна. БНХАУ-ын 8522 иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосноос өнөөдрийн байдлаар 6993 иргэн ажиллаж байгаа аж. Энэ нь нийт зөвшөөрлийн 82 хувийг эзэлж байгаа юм.  ГИХГ-ын дарга Д.Мөрөн: “Монгол Улс гадаадын ажиллах хүчний тоог шат дараатай багасгах бодлого баримталж байна. 2018 онд 8428 иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл өгсөн бол 2019 онд энэ тоо 6993 болж буурсан” гэв.  


Монгол Улсын харьяатаас гарч байгаа болон харьяатаа сэргээлгэж байгаа иргэдийн дийлэнх нь

казак иргэд байна


Сүүлийн гурван жилийн хугацаанд ОХУ, БНХАУ, ХБНГУ, Төвөд, БНЭУ зэрэг улсын 26 иргэн манай улсын харьяат болжээ. Мөн энэ хугацаанд манай улсын харьяатаас 1289 иргэн гарсны, дийлэнх нь буюу 870 нь казак иргэн байгаа бол Монгол Улсын харьяатаа сэргээлгэсэн 66 иргэний 61 нь казак иргэн байна. 


Оршин суух зөрчилтэй 2000 гаруй иргэнд 1.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ


ГИХГ энэ оны эхний 10 сард 976 ААН-д 36 улсын 10 292 гадаадын иргэнд бичиг баримтын шалгалт хийжээ. Ингэхдээ 1111 уригч байгууллагын 2628 иргэнд 1.32 тэрбум орчим төгрөгийн торгууль ногдуулжээ. Түүнчлэн 22 улсын 372 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ. Тэдгээр иргэдийн дийлэнх нь жуулчны визээр орж ирээд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн байна. ГИХГ-ын дарга Д.Мөрөн: “Монгол Улсын Засгийн газар ААН-үүдийг дэмжин гаднаас ажиллах хүч авах квотыг өгч байхад тэдгээр ажилчдаа өөр газар ажиллуулсан асуудал гарах боллоо. Жишээлбэл, зам барилгын салбарт ажиллуулна гэж 20 гадаадын иргэнийг оруулж ирээд махны үйлдвэрт ажиллуулах асуудал түгээмэл болсон байна. Хамгийн сүүлд Өвөрхангай аймагт байдаг махны үйлдвэрт шалгалт хийхэд БНХАУ-ын 92 иргэн ажиллаж байсан. Тэдний бичиг баримтыг шалгаж үзэхэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан буюу зам гүүрийн компанидаа ажиллаагүй байх жишээтэй. Энэ маягаар квот зарах асуудал гарч байна” хэмээв.


Холбоотой мэдээ