Хуучир хөгжимчин Э.Цэндсүрэн Олон улсын уралдааны алтан медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-04 14:50:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Бээжин хотноо болсон БНХАУ-ын Олон Улсын залуу хөгжимчдийн 8 дугаар уралдааны Үндэсний хөгжмийн төрөлд Монгол Улсын Консерваторийн төгсөгч, хуучир хөгжимчин Э.Цэндсүрэн тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртсэн байна. Уралдаанд олон улсын 340 гаруй хөгжимчид оролцжээ.

Хуучир хөгжимчин Э.Цэндсүрэн Монгол  Улсын Консерваторийг хүндэт профессор П.Мөнгөнцэцэгийн удирдлага дор 2016 онд төгсжээ. Тэрбээр суралцах хугацаандаа Төрийн шагналт Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн Улсын уралдааны дэд байр, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б.Шаравын нэрэмжит олон улсын Үндэсний хөгжимчдийн нэг, хоёрдугаар уралдааны дэд байр, МУГЖ С.Цэвэлмаа багшийн нэрэмжит хуучир хөгжимчдийн  уралдааны тэргүүн байрыг тус тус эзэлж “Шилдэг уран бүтээлч оюутан" өргөмжлөлийг хүртэж байв. Мөн ОХУ-ын Красноярск хотод зохиогддог Олон Улсын Үндэсний хөгжимчдийн “Надежда-2014” уралдааны тэргүүн байр, “Хятад зохиолыг хэн сайн хөгжимдөх вэ” анхны уралдааны тэргүүн байрын шагналыг хүртжээ.

Э.Цэндсүрэн  Шанхай хотын Хөгжмийн Консерваторид магистрант оюутнаар элсэн суралцаж удахгүй төгсөх гэж байгаа юм байна.


"Бээжин хотноо наймдугаар сард болсон энэхүү уралдаан нь залуу хөгжимчид дуучдыг дэмжих зорилгоор Сонгодог болон Үндэсний хөгжим, цөөхүүл хөгжим, дуурийн дуулаач, найрал дууны төрлөөр Олон улсын хөгжмийн холбоо зохион явуулдаг онцлогтой Хятадын томоохон уралдааны нэг юм. Би шавийгаа ирээдүйд их зүйлийг хийж бүтээнэ гэдэгт итгэдэг” хэмээн  П.Мөнгөнцэцэг багш  нь өгүүлжээ.



Холбоотой мэдээ