С.Одонтуяа: Татварын нэг хувийн хөнгөлөлтөө агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-30 13:52:15

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг бууруулах ажлыг үргэлжлүүлж байна.


Угаарын хийг бууруулж, түлшний зарцуулалтыг багасгадаг төхөөрөмжийг нийтийн тээврийн автобус, дунд оврын машинд суурилуулан туршилт хийж, утааны ялгарал 46-90 хувиар буурсан үр дүн гарчээ. Улсын II, III эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн түргэн тусламж болон албаны машин, нийтийн тээврийн автобус зэрэг 150 гаруй тээврийн хэрэгсэлд “Мега Мост”, “Эко майнинг” зэрэг компанийн утааны ялгарлыг бууруулдаг төхөөрөмжийг суурилуулахаар ажиллаж буй.


Энэ талаар БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа ярихдаа, "Зорчигч тээвэр-V ОНӨААТҮГ-ын нийтийн тээврийн автобусанд "Эко майнинг" компанийн төхөөрөмжийг 152 автобусанд суурилуулсан. Төхөөрөмж суурилуулснаас хойш түлшний хэрэглээ 25-30 хувиар буурч, сард 200 сая төгрөгийн хэмнэлт хийсэн. Энэ төхөөрөмж нь олон улсад хэрэглэдэг, нэр хүндтэй, баталгааны гэрчилгээтэй учраас шууд туршилт хийж, хэмжилтээр үр дүнг нь тодорхойлсон. Бид тээврийн хэрэгслээс ялгарч байгаа утааг бууруулахаар бүх талаар ажиллаж байна. Экологийн цагдаагийн алба машины утаа хэмждэг багажтай болсон. Өвлийн улиралд айл өрхөөс гарч байгаа утаатай холилддог учраас хэмжилт хийхэд хүндрэлтэй байдаг. Харин одоо, дулааны улиралд хэмжилтийг илүү нарийн цаг минутаар нь хийж байна. Улсын төсөвт агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд нэг ч төгрөг суугаагүй. Тиймээс бид аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтийн санхүүжилтээр шийдэхээр идэвхтэй ажиллаж байгаа" гэв.


Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд улсад төлөх татварынхаа нэг хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх зохицуулалттай. Энэ хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороонд хандивлаж, агаарын бохирдлыг бууруулах ажилд хамтран ажиллахыг БОУАӨЯ-наас  уриалж байгаа аж.


 

Холбоотой мэдээ