Сургуулийн сэтгэл зүйч бэлтгэхэд дэмжин туслахыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-11-04 15:05:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордицатай өнөөдөр уулзлаа.

Сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ өнөө цагийн хүүхдүүд хичээл сургалтаас гадна элдэв төрлийн мэдээлэл, нийгэм, гэр бүлийн орчны нөлөөллөөс шалтгаалж стресстэх, цаашлаад сэтгэл зүйн хямралд орох, гэмт хэрэг, зөрчилд холбогдох асуудал анхаарал татаж эхэлснийг онцлов. Тиймээс ЕБС-иудыг орон тооны сэтгэл зүйчтэй болгох шаардлагатай гээд хүүхэдтэй ажилладаг сэтгэл зүйчдийг сурган бэлтгэх, тэдний ажиллах орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарч дэмжихийг хүслээ.

Мөн манай улс өсвөр үеийн эрүүл мэндийн боловсролд анхаарал хандуулж, эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр баталж, албан ёсны сурах бичигтэй бие даасан хичээл болгон үзэж байгааг дурдаад цаашид эцэг, эх, асран хамгаалагчдын эрүүл мэндийг боловсрол, зөв үлгэр дуурайлал, дадал хэвшлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна гэв.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч эдгээр асуудалд нухацтай хандаж, Эрүүл мэндийн яам болон холбогдох төслүүдийн хүрээнд хамтран ажиллах боломжийг судалж үзэхээ илэрхийллээ.

Холбоотой мэдээ