Багахангайн махны үйлдвэрийг сэргээх үүрэг өгөв

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-11-06 08:24:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлага өчигдөр Багахангай дүүрэгт ажиллаж, дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болон “Багахангайн мах боловсруулах үйлдвэр”-ийн байдалтай танилцлаа. 

Мах боловсруулах үйлдвэрийн ажил 2003 оноос зогсож, Улаанбаатар хотын банканд 430 сая төгрөгийн өртэй, үйлдвэрийн  газрыг шүүхийн шийдвэрээр битүүмжилжээ. Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газар ШШГЕГ-т гомдол гаргаж,  үйлдвэрийг зээлийн өрөнд хураасныг хүчингүй болгожээ.




Ингэснээр үйлдвэрийн обьект суларсан ч Улаанбаатар хотын банканд өртэй хэвээр байна. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ талаар судалж, хуулийн байгууллагаар шалгуулж шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд өглөө.

Хотын Захирагч дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болон ногоон байгууламж, тохижилттой танилцлаа. “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 40 ортой шинэ байртай болжээ. Тус эмнэлэг дотрын, хүүхдийн, төрөхийн болон уламжлалт эмчилгээний тасаг бүхий нийт 40 ортойгоор өргөжсөн байна.


ЭМЯ-наас рентген аппарат, эмнэлгийн машин зэрэг 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол нийслэлийн төсвөөр физик эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж, биохимийн аппарат, эмнэлгийн ор зэргийг шийдсэнийг Эрүүл мэндийн төвийн дарга Х.Ганбат хэллээ. Мөн тэрбээр эмнэлгийн гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлыг бүрэн хэрэгжүүлж дуусгасан байна.

Нийслэлийн удирдлага үдээс хойш Багахангай дүүргийн Соёлын төвд дүүргийн иргэдтэй уулзлаа. Иргэдээс дүүргийн Соёлын төвийн барилгыг шинэчлэн засварлах, мах  боловсруулах үйлдвэрийг ажиллуулах, Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай боловсон хүчний орон тоог батлуулах, Цагдаагийн хэлтсийг эргүүлийн автомашинтай болгох, гэрэлтүүлгийн агаарын шугамыг шинэчлэх, шинэ спорт заалтай болгох талаар Хотын захирагчид уламжилж, хариулт авав.


Хотын захирагч С.Амарсайхан иргэдийн асуулт, санал хүсэлтэд нэг бүрчлэн хариулт өгч, холбогдох албан тушаалтнууд анхаарал хандуулахыг үүрэг болгов. Тухайлбал, дүүргийн Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай бүтэц орон тоог батлахыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад үүрэг болголоо. Мөн гэрэлтүүлгийн агаарын шугамыг шинэчлэх, шинэ спорт заалтай болгох, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээх талаар яаралтай судалж шийдвэрлэхийг дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр болон Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нарт даалгав. Хотын Захирагч уулзалтын үеэр 2020 онд Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэст эргүүлийн автомашин хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ. 

 

Холбоотой мэдээ