Азийн шилдэг залуу боксчид Улаанбаатарын ринг дээр тулалдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Буянт Ухаа” спортын ордонд даваа гарагт Ази тивийн 2019 оны залуучуудын аварга шалгаруулах боксын тэмцээний нээлтийн ёслол боллоо.
Нээлтийн үеэр Монголын боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэтэй уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрбээр “Азийн боксын холбоо /ASBC/, Олон улсын боксын холбоо/AIBA/-той хамтран Монголын боксын холбоо Ази тивийн 2019 оны залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсынхаа нийслэлд анх удаа зохион байгуулж байна. Тэмцээнд Ази тивийн 17 орны 200 гаруй шилдэг залуу боксчин оролцон, өрсөлдөөнтэй сайхан болж байна. Манай шилдэг залуу, өсөх ирээдүйтэй тамирчид ур чадвараа сорьж байгаа бөгөөд эндээс олимп, дэлхийн олон медальтнууд төрнө гэдэгт итгэлтэй байгаа. Улаанбаатарт болж буй энэ тэмцээн нь Токиогийн олимпын цикльд болж байгаа гэдгээрээ онцлогтой. Манай боксчид ирэх олимпын наадамд медалийн буухиаг үргэлжлүүлэхийн төлөө бэлтгэл сургуулиа эрчимтэй хийж байна” гэлээ.
Тус тэмцээний хамтран зохион байгуулагчаар БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, НЗДТГ, тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Ажнай корпорац, Капитрон банк ажиллаж байна. Тэмцээний шууд дамжуулалт болон хэвлэл мэдээллийн хамтрагчаар Эх орон ТВ, МОНЦАМЭ агентлаг ажиллаж байгаа бөгөөд тэмцээнийг спорт сонирхогчдод үнэ төлбөргүй үзүүлж байна.
Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хамгийн эхний тулаан 56 кг-ын жинд Монгол, Энэтхэгийн тамирчдын хооронд болж Монголын тамирчин Т.Энхтөр өрсөлдөгчөө яллаа. Тэмцээний жин тус бүрийн аваргууд ирэх ням гарагт буюу 11 дүгээр сарын 17-ны өдөр тодрох юм.