Монголын үндэсний төлбөрийн карт олон улсын EMV чип технологид шилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-12 14:53:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний төлбөрийн ₮ карт олон улсын EMV чип технологид шилжиж байна.

Энэ талын хамтын ажиллагааны гэрээнд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон “Mastercard International”-ын Ази, Номхон далайн орнуудын ерөнхийлөгч Линг Хай нар өнөөдөр “Шангри Ла” зочид буудалд гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нээж хэлэхдээ, “Үндэсний брэнд болох төлбөрийн ₮ картыг бид технологийн дараагийн шатанд гаргах эхний алхмаа хийж байна. EMV чип технологид шилжсэнээр Монгол Улсын төлбөрийн карт олон улсын стандартад нийцсэн төлбөрийн хэрэгсэл болж байна. Ингэснээр бид мөнгө, санхүү, төлбөрийн үйлчилгээндээ шинэ технологи, дэвшилтэт арга барилыг нэвтрүүлж, төлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгодоо хүрэхэд нэг алхам хийлээ. Ойрын ирээдүйд манай улс мобайл төлбөр тооцооны дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэхэд чухал алхам болох юм” гэдгийг онцоллоо.


Ёслолд оролцохоор манай улсад ирээд буй “Mastercard International”-ын Ази, Номхон далайн орнуудын ерөнхийлөгч Линг Хайгаас зарим зүйлийг тодруулахад, тэрээр, “Монгол Улсыг цахимжуулахад манай талаас хувь нэмрээ оруулж буйд таатай байна. Монголын эдийн засгийн өсөлт гайхалтай өндөр түвшинд очиж байсан. Өнөөдрийн үйл явдал нь бид Монгол Улсын өөрчлөлт, шинэчлэлд оролцож ач холбогдол өгч байгаагийн том илрэл болж байна” гэсэн юм. Тэрээр Монголын үндэсний ₮ карт технологийн шинэ шат EMV/NFC-д шилжсэнээр хамгийн түрүү нууцлал, аюулгүй байдлыг дээд зэргээр хангах онцлогтойг дурдаж байлаа. Удаалаад төлбөр, үйлчилгээг хялбаршуулж, шуурхай болгож байгааг онцлов.


“Өнөөдөр “Мастер карт” дэлхийн олон улс оронд зайнаас унших, таних төлбөрийн хэрэгсэл болж, ялангуяа нийтийн тээвэрт энэ дэвшлийг нэвтрүүлж буйг дурдаж, “Мастер карт” дэлхийн олон арван орны Засгийн газартай 1600 төслийг хэрэгжүүлж байна гэв. Монгол Улстай хамтран ажиллах “Мастер карт”-ын үйл ажиллагаа өнөөдрийн ёслолоор үргэлжлэн өргөжиж байна. Монгол Улстай цаашид иргэний цахим үнэмлэх, эмнэлгийн үйлчилгээг хялбар, түргэн шуурхай, хүртээмжтэй болгох, инновацыг хөгжүүлэх гэсэн 2-3 салбарт хамтран ажиллах боломжтойг тэрээр тэмдэглэсэн юм.


Өнөөдрийн ёслолд Монголын Банкуудын холбоо, Харилцаа холбооны зохицуулах хороо, СЗХ, санхүү, төлбөрийн финтек компаниудын төлөөлөл оролцлоо. “Mastercard International” компанийг төлөөлж тус компанийн Хятадын бүсийн ерөнхийлөгч Деннис Чанг, Бүтээгдэхүүний хөгжил ба инновац хариуцсан орлогч ерөнхийлөгч Ашок Венкатесваран нар оролцлоо.


Монголын үндэсний төлбөрийн ₮ картын хувьд, анх үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг бэлгэдэн нэрлэж, 2012 он Төвбанк арилжааны банкуудтай хамтран гаргасан юм. Энэ оны 2-р улирлын байдлаар ₮ карт нь төлбөрийн зах зээлийн 74.9 хувийг эзэлж, нийт 2.7 сая ширхэг ийм картыг ашиглаж байна.

Манай улс ₮ картыг олон улсын EMV чип технологид шилжүүлэхэд хамтран ажиллахаар олон улсын картын үйл ажиллагаа эрхэлж буй “Виза”, “ЮнионПэй” болон ОХУ-ын НСПК зэрэг компанид хандсанаас хамтран ажиллах шаардлагыг “Мастер карт” компани хангаснаар тус компанийг сонгосон байна. Дээрх шилжилтийг Монголбанк АХБ-тай хамтран “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд хийж байгаа юм.


Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ