Хоногт 4 тн хүнсний ногоо боловсруулах хүчин чадалтай цех ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-11-13 22:01:12

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Орхон суманд хоногт 4 тн хүнсний ногоо боловсруулах хүчин чадалтай Буян-Ундарга цех ашиглалтад орлоо. 

Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, хүнсний ногоонд нэмүү өртөг шингээн зах зээлд нийлүүлэх гэрээний дагуу хэрэгжиж биелэлээ олж байгаад иргэд талархалтай байна. 

Буян-Ундарга цех нь Орхон сумын Буян-Да хоршоог түшиглэн байгуулсан бөгөөд 100 орчим сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг төслийн багийнхан нийлүүлжээ. 
Тус цех ашиглалтад орсноор 10 иргэн байнгын ажлын байртай болж иргэд орон нутагтаа хүнсний ногоогоо борлуулж төрөл бүрийн хүнсний ногооны шүүс, нөөшилсөн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх боломжтой
болж байна.
Өнгөрсөн оны статистик мэдээгээр Дархан-Уул аймгийн Орхон сум нь улсын нийт хүнсний ногооны ургацын 10 гаруй хувь, луувангийн ургацын 20 орчим хувийг дангаар тариалдаг байжээ. Тиймээс хүнсний ногооны тариалалт, хураалтыг түшиглэн тус цехийг байгуулан орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх боломж бүрдсэн гэж нутгийн иргэд үзэж байна.

.

Холбоотой мэдээ