Дэлхийн экспортыг дэмжих форумын бэлтгэл ажлын талаар зөвлөлдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-15 09:54:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Аранча Гонзалестай энэ сарын 13-нд Женев хотноо уулзав.


Уулзалтаар Монгол Улс, Олон улсын худалдааны төвийн харилцаа, хамтын ажиллагаа, дэлхийн эдийн засгийн төлөв байдал, олон талт худалдааны тогтолцоонд тулгамдаж буй асуудал, шинэ тутам хөгжиж буй яриа хэлэлцээн дэх Монгол Улсын оролцоо зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.


Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ын талаар тусгайлан ярилцаж, форумын агуулга, бэлтгэл ажлын талаар зөвлөлдөв. Түүнчлэн Олон улсын худалдааны төвтэй хамтран боловсруулсан “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураглал” төслийг үргэлжлүүлж, уул уурхайгаас бусад салбарын экспортын стратегийг боловсруулах төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэхээр тохиров.


Олон улсын худалдааны төв нь хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудын бизнесийн салбарыг дэлхийн эдийн засагтай холбогдон интеграцчилах үйл явцад нь бодлогын туслалцаа үзүүлж, хувийн хэвшил, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрүүдийн олон улсад өрсөлдөх чадварыг нь сайжруулахад дэмжлэг үзүүлдэг олон улсын байгууллага юм.

Холбоотой мэдээ