Чуулганаар Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-21 08:38:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 24 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлоод байна.


Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргыг чөлөөлөх тухай, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл багтжээ. Мөн Инновацын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”, Хоршооны тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.


Хуралдаанаар Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлт, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын "Далайн хөдөлмөрийн тухай конвенц"-д 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.


Түүнчлэн энэ долоо хоногт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс “Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ой, хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар”, УИХ-ын гишүүн гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа нараас “Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний хэрэгжилтийн талаар” Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм.


Хэлэлцэх асуудлын жагсаалтыг энд дарж бүрэн эхээр нь үзнэ үү.

Холбоотой мэдээ