БНХАУ-ын Гадаад хэргийн яам эсэргүүцлээ илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-28 13:44:41

БЭЭЖИН. /TASS/. "Хонконгийн ардчилал ба хүний эрхийг хамгаалах тухай" хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсныг БНХАУ эрс эсэргүүцэж байгаа бөгөөд энэ үйлдлийг ноёрхлын илрэл гэж үзэж байна. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.


“Хонконг дахь ардчилал ба хүний эрхийн тухай хуульд АНУ гарын үсэг зурсан нь Хонконгийн хэрэгт болон БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс ноцтой оролцож буй явдал бөгөөд олон улсын эрх, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжигдэхүүнүүдийг ноцтой зөрчиж буй явдал юм. БНХАУ-ын Засгийн газар, ард түмэн үүнийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна” хэмээн баримт бичигт дурджээ.


“Ийм үйлдлээрээ АНУ бодит явдлуудыг үл тоомсорлож, цагааныг харлуулж, гэм зэмгүй иргэдийг хохироож, хууль дээдлэх ёсыг уландаа гишгэж байна. Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг алдагдуулж, “нэг улс хоёр систем”-ийн зарчмын байр суурийг ганхуулах нь АНУ-ын үндсэн зорилго юм” хэмээн мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.


“Хонконгийн хэрэг бол БНХАУ-ын дотоод хэрэг бөгөөд гадны засгийн газар болон гадны аливаа хүчнүүд үүнд хөндлөнгөөс оролцох эрхгүй гэдгийг бид Америкийн талд мэдэгдэх хүсэлтэй байна. Энэ хуулийн төсөл нь  АНУ-ын хар санаа бодол, ноёрхлын тухай БНХАУ-ын оршин суугчид болон Хонконг дахь нутаг нэгтнүүдэд илүү ихийг хэлж өгч байна” хэмээн баримт бичигт дурджээ. 


"Хонконгийн дотоод хэрэг хийгээд “нэг улс – хоёр систем”-ийн зарчмыг баримтлахад хөндлөнгөөс оролцож буй аливаа гадны хүчнийг эрс эсэргүүцэх байдал хувиршгүй. Зөрүүдлэхгүй байхыг бид Америкийн талд уриалж байна. Эс бөгөөс Хятадын тал заавал хариу арга хэмжээ авах бөгөөд энэ бүхний хариуцлагыг АНУ үүрэх болно” хэмээн мэдэгдэлд мөн дурдсан байна.


Хонконг дахь ардчилал, хүний эрхийн тухай хуульд АНУ-ын Ерөнхийлөгч лхагва гарагт гарын үсэг зуржээ. АНУ-ын Конгрессын хоёр танхим баталж байсан энэхүү хууль нь 1992 оноос хойш Хонконгийн талаар баримталж буй АНУ-ын бодлогын талаарх хуульд засвар оруулж байгаа бөгөөд Хонконгтой хийж буй худалдааны харилцааг өөртөө засах эрхийнх нь байдлаас шалтгаалан жил бүр хянах, мөн хүний эрх зөрчсөн хүмүүст хориг арга хэмжээ авах талаар тусгажээ. Түүнчлэн цагдаагийн тодорхой хэрэглэлийг Хонконгт нийлүүлэхийг хориглосон хуульд АНУ-ын Төрийн тэргүүн гарын үсэг зурсан байна. 

Холбоотой мэдээ