Б.Сүхбаатар: Орлогод нийцсэн “Ногоон орон сууц” төслийг эхлүүлээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБ, эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб хамтран “Шангри
Ла” зочид буудалд өнөөдөр “Агаарын бохирдол-Орон сууцжуулалт” сэдвээр уулзалт
хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэ үеэр уулзалт хэлэлцүүлэгт оролцсон НОСК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар “Орлогод нийцсэн “Ногоон орон сууц”-ны төсөл хөтөлбөрийг эхлээд байгаа талаар танилцуулсан юм. Энэ талаар түүнээс тодруулбал, “Бид энэ төслийг АХБ-тай хамтран хэрэгжүүлж байна. Засгийн газраас 150 мянган орон сууц хөтөлбөрийг батлаад байгаа. Нийслэлд 50 мянган орон сууц барихаар зорьж байна.
Энэ хүрээнд хотын төвлөрлийг сааруулах
зорилгоор нийслэлээс зайдуу инженерийн дэд бүтэц хүрсэн Морингийн даваа, Буянт-Ухаа,
Биокомбинат, Сонгино, Автохудалдааны цогцолбор, “Найрамдал” зуслан хүрэх зам,
Баянголын ам зэрэг байршилд шинэ хороолол, хотхон барихаар төлөвлөж байна. Санхүүжилт шийдэгдээд байна”
гэв.
Жишээ нь, Морингийн
даваанд 129 га газарт 7500 айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Улмаар Морингийн
даваанаас Туул голын дагуу гүүр барьж, хурдны замаар Автохудалдааны цогцолборыг
холбож, тус цогцолборыг түшиглэсэн орон сууцны хороолол барих аж.
“Хот дотор, инженерийн дэд бүтэцгүй гэр хороололд 6 дэд төв байгуулахаар ажиллаж байна. Эхний Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн инженерийн шугам сүлжээний ажлыг мөн АХБ-ны төслөөр хийгээд эхэлсэн. Ингэснээр гэр хороололд орон сууц барих ажил мөн зэрэгцэн эхлээд байна” гэв. “Орлогод нийцсэн” гэдэг нь орон сууцны өртөг нь тухайн өрхийн орлогын 30 хувиас илүүгүй байх нөхцөлтэй юм байна.
Тэрээр, “Ногоон орон
сууц” гэхээр хүмүүс өндөр стандарт шаарддаг хэмээн их томоор бодоод байдаг. Энэ
бол ерөөс дулаалга сайтай, хэрэглээний зардлыг бууруулсан, хүний эрүүл мэнд, ая
тухтай оршин суух орчин нөхцөлд ээлтэй орон сууцыг хэлж байгаа юм. Тухайлбал,
халаалтаа өөр шийдлээр хийсэн, саарал усыг ашигладаг гэх мэтээр хог хаягдлын
менежментээ орчиндоо хал балгүйгээр зөв шийдсэн орон сууц юм” гэдгийг тодотгов.
Б.Болд
Гэрэл зургийг Б.Чадраабал