Эмзэг бүлгийн иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламжийн хүртээмжийг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-05 18:26:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.


Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хот, орон нутгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх зорилгоор дээрх гурван үе шаттай төслийг 10 жил хэрэгүүлэхээр төлөвлөж буй юм. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.34 сая ам.долларын энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, Харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.48 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх аж.


Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь дэмжиж, санал дүгнэлтээ чуулганд танилцуулах боллоо.  Хуулийн төслийг маргааш буюу энэ сарын 6-нд болох УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм. Төслийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ


Мөн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан. Гэвч байнгын хорооны дарга уг хуулийн төслийг эгүүлэн татаж, нарийвчлан боловсруулж дахин өргөн мэдүүлэхийг Сангийн яаманд үүрэг болгов. Сангийн яамнаас төслийг өргөн мэдүүлсэн тохиолдолд нэн яаралтай дэгээр хэлэлцэнэ гэдгийг мөн дурдсан юм.

Холбоотой мэдээ