Туйл судлагч Л.Дүгэржав Софи хотоос Антарктидыг зорив

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-12-12 10:53:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн Антарктид судлалын төвийн захирал, туйл судлаач Л.Дүгэржав Антарктид тивд ажиллах Болгарын багийнхантай Софи хотоос энэ сарын 11-нд хөдлөв.

Тус багийнхан София-Рим-Сантиаго де Чили-Пунта Аренас гэсэн чиглэлд иргэний нислэгээр нисэх юм. Тэрбээр  долоо дахь удаагаа өмнөд туйлыг зорихоор 11 дүгээр сарын 19-нд эх орноосоо мордсон билээ.


Тэрбээр 2013 онд өмнөд туйлд Монгол Улсын төрийн далбааг мандуулсан анхны монгол хүн бөгөөд Антарктид тивийн Ливингстоны арал дээр “Монгол Улсын Антарктид судлал” Чингис хааны нэрэмжит Монгол Улсын судалгааны бааз байгуулах ажлыг удирдан, зохион байгуулж байгаа юм. Энэ удаа Болгарын Антарктидын 28 дугаар экспедицийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байна.

Өнөө жил Болгарын экспедицэд Монгол, Туркийн эрдэмтдээс гадна Колумб, Португалийн судлаачид ажиллаж байгаа аж.


Холбоотой мэдээ