Баянхонгор аймгийн 20 оюутанд тэтгэлэг олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2019-12-12 15:05:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын их, дээд сургуулиудад суралцаж буй Баянхонгор аймгийн 20 оюутан УИХ-ын гишүүн асан Д.Ганбат нэрэмжит тэтгэлэг гардлаа.


Энэхүү тэтгэлгийг 2012 оноос зөвхөн Баянхонгор аймгийн оюутнуудад олгож буй юм. Оюуны хөрөнгө оруулалт нь улс орноо хөгжүүлэх хамгийн зөв алхам хэмээн үзэж буйгаа УИХ-ын гишүүн асан Д.Ганбат онцлоод, цаашдаа жил бүр 1000 оюутанд тус бүр 500 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөж буйгаа дурдлаа. Тэрбээр, “Монгол Улсын ирээдүйн иргэд мэргэжилтэй, ажилтай байхын үндэс суурь нь боловсрол. Тэтгэлэг авч байгаа оюутнууд сургуулиа амжилттай төгсөн эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.


Энэ үеэр тэтгэлэг гардсан оюутнуудын сэтгэгдлийг сонслоо.


ХААИС-ийн Байгаль орчны хяналт, үнэлгээний ангийн IV дамжааны оюутан Э.Үүрцайх: Бусад тэтгэлэг голч оноо, хүмүүнлэгийн ажилд оролцсон байдал зэрэг олон шалгуур тавьдаг. Харин энэхүү тэтгэлгийг ямар ч шалгуургүйгээр олгож байгаа нь оюутнуудаа дэмжсэн, хүртээмжтэй алхам боллоо гэж үзэж байна. Тэтгэлгээ англи хэлний сургалтад суухад зарцуулахаар төлөвлөж байгаа


МУБИС-ийн Сэтгүүлзүйн ангийн оюутан Н.Сайханбилэг: Тэтгэлгээ сургалтын төлбөртөө зарцуулахаар төлөвлөж байна. Орон нутгаас нийслэлд суралцаж байгаа оюутнуудын хувьд сургалтын төлбөр, орон сууцны түрээснээс эхлээд их хэмжээний мөнгө шаардлагатай болдог. Энэ нь зөвхөн оюутан бус гэр бүлийнхэнд нь санхүүгийн дарамт болдог. Тиймээс 500 мянган төгргийн тэтгэлэг бидний сурч, хөгжихөд том дэмжлэг боллоо.

Холбоотой мэдээ