Б.Дармаа: Зорчигчдын биеийн температур мэдэрч хэмжих камер байрлуулсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
boloroo8136@gmail.com
2020-01-15 14:13:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин бүртгэгдсэн талаар өмнө нь бид мэдээлсэн. Манай урд хөршид гарсан энэхүү өвчний талаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, анагаах ухааны доктор Б.Дармаагаас тодрууллаа.

 

-БНХАУ-д дэгдээд буй шинэ төрлийн коронавирусын халдварын талаар товч мэдээлэл өгнө үү?

 

-БНХАУ-д дэгдээд байгаа уушгины хатгалгаа өвчний үүсгэгч нь шинэ төрлийн коронавирус болох нь сүүлийн долоо хоногт тодорч байна. Ер нь коронавирус /CoV/ нь хүн ба амьтанд өвчлөл үүсгэдэг. Микроскопт гадуураа титэм өмссөн мэт бүрхүүлтэй дүрс харагддаг учир коронавирус буюу титэмт вирус гэж нэрлэдэг. Хүний популяцад халдвар үүсгэдэг 6 төрлийн коронавирусээс Coronavirus 229E, NL63,  OC43, HKU1 нь амьсгалын замын дээд хэсэгт голдуу хөнгөн маягаар өвчлөл үүсгэдэг. Харин 2002 онд SARS-CoV, 2012 онд MERS-CoV нь сарьсан багваахай, тэмээ зэрэг амьтнаас хүнд халдварлаж амьсгалын доод замд аюултай хүнд хэлбэрийн өвчин үүсгэсэн тохиолдлыг анх бүртгэсэн. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 12оос эхэлж БНХАУ-ын Үхань хотод голомтлон гарсан уушгины хатгалгаа өвчний шалтгаан нь шинэ төрлийн коронавирус /nCoV/ болохыг тогтоож зарлалаа. Геномын нарийвчилсан судалгаанд үндэслэн уг үүсгэгчийг илрүүлэх өвөрмөц оношлуур гаргах ажлыг ойрын хугацаанд хийнэ гэж ДЭМБ-аас мэдээлсэн.

 

 -Одоогоор хэчнээн хүнд халдварлаад байна вэ?

 

-Одоогийн байдлаар БНХАУ-ын 59 хүн өвчилснөөс нэг хүн нас барсан. Судалгаагаар хүнээс хүнд халдвар дамжсан тохиолдол батлагдаагүй, эрүүл мэндийн ажилчид өртөөгүй. Өвчилсөн ихэнх тохиолдол нь Үхань хотын загас болон далайн гаралтай амьтан, түүхий эдийн зах дээр ажилладаг байсныг тогтоосон байна.


-Хэрхэн халдварладаг өвчин вэ?

 

-Агаар дуслын замаар, бохир гар, загас, далайн бүтээгдэхүүнээр дамжсан байх магадлалтай гэсэн урьдчилсан таамаглал байна. Шинэ коронавирусын халдварлах зам, тархвар зүйн мэдээлэл одоохондоо хязгаарлагдмал байна. ДЭМБ-аас халдвар дамжих замыг судлах ажил хийж байгаа.

 

-Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

 

-Одоогийн байгаа мэдээллээр өвчилсөн тохиолдолд амьсгалын замын халдварын ерөнхий шинж тэмдгүүд, халуурах, амьсгалахад хүндрэлтэй болох, улмаар уушгины хатгалгааны шинж тэмдэг илэрч байна. Судлаачид халдварын эмнэлзүйн илрэлийг гүнзгийрүүлэн судалж нэмэлт мэдээллээр хангасаар байна.

 

-Манай улсад орж ирэх эрсдэл бий юу?

 

-Халдвар гарсан орны судлаачид, олон улсын шинжээчид нөхцөл байдлыг эрчимтэй тандан судалж байна. Шинэ халдварын тохиолдол бүртгэгдсэн улстай хил залгаа орнуудад ДЭМБ-аас сэрэмжлүүлэг өгсний дагуу хилийн боомт дахь хяналтаа сайжруулж байна. Олон улсад болон БНХАУ-д аялал жуулчлал, худалдааны хорио зарлаагүй. Энэ нь хараахан эрт байна гэж үзэж байгаа.

 

-Манайд орж ирэхээс урьдчилан сэргийлэх ямар ажил хийж байна вэ?

 

-Онгоцны болон төмөр замын буудалд зорчигчдын биеийн температур мэдэрч хэмжих камер байрлуулсан. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Өвчлөл бүртгэгдсэн бүс нутагт зорчсон иргэдээс асуумж мэдээлэл авч, хяналт тавьж байна. 


-Иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгнө үү?

 

-Иргэд амьсгалын замын халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалах энгийн дэг журмыг ахуйдаа хэрэгжүүлэх нь зүйтэй. Тухайлбал,  гараа тогтмол цэвэр байлгах, нус цэр, шүлсээ  ил задгай хаяхгүй байх, ханиаж найтаахдаа хамар, амаа таглах, тахиа, гахай, далайн бүтээгдэхүүнтэй харьцахдаа гараа сайн угаах, эдгээр бүтээгдэхүүнийг түүхий, шүүрхийгээр хэрэглэхгүй байх хэрэгтэй. Шинэ халдварын өвчлөл бүртгэгдсэн бүс нутагт аль болох зорчихгүй байх, хэрэв тэдгээр нутагт зорчих явцад бие эвгүйрхэх, халуурах шинж илэрвэл эмнэлэгт заавал хандаарай.


Холбоотой мэдээ