УДЭТ-ын засвар, шинэчлэлийн зураг төслийг яаралтай гаргахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-01-15 15:47:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Улсын драмын эрдмийн театрын удирдлага уран бүтээлчидтэй уулзаж, 2020 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх шаардлагатай засвар, тоног төхөөрөмж шинэчлэлийн талаар санал сонсож, тодорхой үүрэг чиглэл өглөө.


УДЭТ, Хүүхэлдэйн театр, Үндэсний урлагийн их театр гэсэн урлагийн гурван байгууллагын 500 гаруй уран бүтээлч тус байранд ажиллаж байна. Барилга галд өртөх эрсдэл 60 хувьтай, газар хөдлөлтийн дөрөвдүгээр зэрэгт нурах магадлалтай гэж мэргэжлийн байгууллага дүгнэсэн. Тайзны технологийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэдгийг уран бүтээлчид танилцуулав.


Энэ онд тус театрын засвар шинэчлэлийн ажилд улсын төсөвт хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хөрөнгийг үр дүнтэй зарцуулахад анхаарч, зураг төсөл, төлөвлөгөөг мэргэжлийн түвшинд яаралтай гаргах, үзвэр үйлчилгээг хэрхэн зохицуулах талаарх төсөөллөө тодорхой болгох хугацаатай үүрэг даалгаврыг салбарын сайд өглөө.


УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, “Төр засгаас соёл урлагийн салбарт урд өмнө байгаагүй анхаарал хандуулж байгааг бид хэлэх ёстой. Техникийн болоод хөгжлийн хоцрогдолд орж барилга байшин болон тоног төхөөрөмж зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон нь үнэн. Үүнийг түмэн олон зөв ойлгох хэрэгтэй. Энэ жил баталсан төсвийг бодит ажил болгож, тулгамдсан олон асуудлаа цэгцэлж, үзэгчдийн тав тухыг хангасан орчин бүрдүүлэх болно” гэв.

УДЭТ-ын тухайд хүчитгэл, бэхэлгээ, засвараас гадна тохижилт, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг энэ онд хийх юм.

Холбоотой мэдээ