Түдэвтэй суманд "Цанахүү-2020" өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-01-21 21:15:21

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Түдэвтэй суманд энэ сарын 24-26-ны өдөр “Цана хүү-2020” аймгийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Энэ жилийн цанын аварга шалгаруулах тэмцээнийг Ардын боловсролын тэргүүний ажилтан, биеийн тамир спортын тэргүүний ажилтан, улсын нэгдүгээр зэргийн шүүгч, спортын мастер М.Наран агсны нэрэмжит болгон зохион байгуулж байна. Тэмцээнийг аймгийн Биеийн тамир спортын газар, Түдэвтэй сумын ИТХ, ЗДТГ, ерөнхий боловсролын сургууль хамтран зохион байгуулна.

Тэмцээнд өнөөдрийн байдлаар 5-12-р ангийн 40 орчим хүүхэд бүртгүүлээд байна. Өнгөрсөн жилийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд Завханы хойд бүсийн Сонгино, Нөмрөг, Баянтэс, Тэс сумын хүүхдүүд манлайлж байсан. Манай өсвөрийн цаначид зай, насны төрлөөр тэсвэр, тэвчээрийн хат зааж, тэсгим хүйтний өдрүүдэд авьяас билиг, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж уралддаг. Жил бүр хүүхдүүдийн ур чадвар нэмэгдсэн харагддаг юм. Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн сурагчид өсвөрийн цаначдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Мөн тэмцээний үеэр хүүхдүүдийг хол замд тээвэрлэхдээ аюулгүй байдлыг хангах хэрэгтэй хэмээн аймгийн Биеийн тамир спортын газраас мэдээлэв.

Цанын спортын амжилтын тоогоор Завханы
хүүхдүүд тэргүүлдэг
Эр зориг, тэсвэр тэвчээр, хатуужлын спорт гэгддэг цанын спорт бол Завхан аймгийн брэнд спорт юм.

Тоо баримт өгүүлбэл 1993-2013 он хүртэл Баянтэс сумын Биеийн тамирын багшаар ажиллаж асан Ч.Дашхүүгийн бэлтгэсэн шавь нар өсвөрийн УАШТ-ээс нийт 216 медаль хүртсэн байна. Үүнээс алтан медаль буюу улсын аваргаас 58, дэд аварга буюу мөнгөн медаль 82, хүрэл медаль 76-г хүртсэн ажээ. УАШТ-ээс Баянтэс сумын тамирчид 672 медалийг хүртсэнээс улсын аварга 175, дэд аварга 282, хүрэл медаль 215-ыг тус тус хүртсэн гайхам амжилтыг үзүүлсэн ажээ.

Энд зөвхөн нэг сумыг онцлон дурдахад ийм байна. Харин УАШТ-ээс Завхан аймгийн тамирчдын авсан медалийн тоо, зай төрлийн хэмжээг нэгтгэсэн тоо байхгүй бөгөөд энэ нь Завханчууд тоолж үл барах олон медаль хүртсэнийг нотолж буй хэрэг гэж хэлж болно. Жил бүрийн цанын аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөөнтэй болдог. Учир нь Завханы хойд бүсийн сумдад гол төлөв зохиодог цанын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд хөрш зэргэлдээ Увс, Хөвсгөл аймгийн зарим сумын хүүхдүүд ирж оролцдог уламжлалтай. Энэ жилийн тэмцээнд мөн ирж оролцох байх хэмээн тэмцээнийг зохион байгуулагчид нэмж дуулгав. 

Холбоотой мэдээ