ДЭМБ: Коронавирусний тархалтын статусыг тогтооход илүү цаг хэрэгтэй

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-01-23 12:02:30

ЖЕНЕВ. /Reuters/. Хятадын Ухань хотод дэгдсэн коронавирусний халдварын тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарлах эсэх асуудлыг пүрэв гарагт дахин хэлэлцэнэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ төлөөлөгчид мэдээлжээ.


ДЭМБ-ын Онцгой байдлын хороо Швейцарын Женев хотод лхагва гарагт шуурхай хуралдсан боловч тэд уг вирусний тархалтын статусыг тогтооход илүү их мэдээлэл шаардлагатай хэмээн үзсэн ажээ. "Өнөөдрийн хуралдааны хэлэлцүүлэг амжилттай болсон хэдий ч бид нэмэлт мэдээлэл шаардлагатай хэмээн үзсэн тул пүрэв гарагт дахин хуралдахаар боллоо" гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебреем мэдээлжээ.


"Бид олон улсын хэмжээнд онцгой байдал зарлах эсэх шийдвэрийн талаар голчлон хэлэлцэж байгаа бөгөөд бүх баримт нотолгоонд тулгуурлан шийдвэр гаргана" гэж тэрбээр нэмж хэлжээ. Уг вирусний халдварын тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан тохиолдолд ДЭМБ хөл хорио тогтоох гэх мэт шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг улс орнуудад зөвлөх юм. 

Холбоотой мэдээ