Эрдэмтэд хар нүхний эргэн тойронд юу болдгийг анх удаа ажиглажээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2020-01-23 12:33:59

МОСКВА. /RIA Novosti/. Эрдэмтэд хар нүхний эргэн тойронд чухам юу болдгийг анх удаа судалж чаджээ. Үүний тулд тэд рентген реверберацын арга ашигласан байна. Эрдэмтдийн судалгааны дүнг “Nature Astronomy” сэтгүүлд нийтэлжээ.


Хар нүх нь гэрлийг өөртөө татан шингээдэг асар их нягтралтай сансрын биет юм. Тийм учраас сансрын энэ биетийг шууд ажиглах боломжгүй, гэхдээ хар нүхэнд ойртож, дотор нь унаж байгаа материуд хэрхэж байгааг судлах замаар хар нүхийг судлах боломжтой ажээ.


Тухайн матери хар нүх рүү эргэлдэн татагдах үедээ хэдэн сая градус хүртэл халж, рентген туяа ялгаруулдаг бөгөөд энэ туяа нь нүхийг тойрсон хийн тоосонцрон үүлний хэсгүүдэд тусдаг байна. Европын Сансрын агентлагийн /ESA/ одон орончид сансрын “XMM-Newton” рентген дуран авайн тусламжтайгаар хар нүхний эргэн тойрон дахь орчны динамик байдлыг бүртгэхэд энэ туяаны эхо-дохионы тусгалыг анх удаа ашиглаж чаджээ.


Эрдэмтдийн ярьснаар, реверберац буюу тусгалын зураглал гэж нэрлэдэг энэ арга нь дуун тусгал нь гурван хэмжээст орон зайн хэлбэр бүтцийн талаар мэдээлэл өгдөг эхолокацитай төстэй гэнэ. Сансрын эхолокацийн тусламжтайгаар эрдэмтэд хар нүхний эргэн тойрон дахь элементүүдийг “харах” боломжтой аж.


“Бид рентген туяаны эхо-дохио нь тухайн бүсийн геометр, бодисын төлөв байдлаас хамаарч хар нүхний эргэн тойронд хэрхэн тархаж байгааг ажиглаж чадна” гэж Кембрижийн их сургуулийн одон орны физикч Уильям Олстан ярьсан байна.  


Ийм үзэгдлийг нарийвчлан судлахын тулд одон орончид Нарнаас тэрбум орчим гэрлийн жилийн зайтай оршдог Центавр хэмээх оддын бөөгнөрлийн дунд оршдог “IRAS 13224-3809” галактикийн төв дэх хэт масстай хар нүхийг сонгожээ.


Холбоотой мэдээ