ЭМДЕГ: Шаардлага хангаагүй лабораториудын санхүүжилтийг зогсоожээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-01-23 23:14:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын газар /ЭМДЕГ/-аас Эрүүл мэндийн даатгалаар В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийх гэрээ байгуулсан лабораториудад хийсэн хяналт шалгалтын талаар танилцууллаа.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитын В, С вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийж байсан лабораториудад өнгөрсөн онд шалгалт хийжээ. Энэхүү үнэлгээгээр хепатитын В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийж байсан 28 лабораториас 15 нь чанарын шаардлага хангаагүй болохыг тогтоосон байна. 

ЭМДЕГ-ын Тамгын газрын дарга Г.Энхбаяр ярихдаа, “ЭМДЕГ-ын даргын тушаалаар энэхүү үнэлгээний дүгнэлтэд үндэслэн 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, санхүүжилтийг нь зогсоосон. Мөн “Хаппи вератис” лабораторид 876 сая, “Итгэл” 280 орчим сая, “Ай Ти” лабораторид 500 сая төгрөгийн акт тавьсан. Лабораториуд улсын байцаагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн шүүхэд хандсан. ЭМДЕГ ч мөн энэ асуудлаар шүүхэд хандсан. Ингээд иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан хянагдаж байна. Бусад 15 лабораторид улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. Өнгөрсөн хугацаанд манай байгууллага лабораториудтай хамтран ажилласны хүчинд лабораториуд алдаа зөрчлөө арилгасан гэж үзэж болно. Албан шаардлага биелүүлж буй лабораториудын эрхийг эхнээс нь сэргээж, түдгэлзсэн байсан даатгалын гэрээг буцаан сэргээж санхүүжилтийг нь хэвийн үргэлжлүүлж байна.

“Хаппи веритас”  лаборатори манай байгууллагаас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн. Тус лаборатори АНУ-д үйлдвэрлэсэн бүрэн автомат төхөөрөмжөөр иргэдэд оношилгоо шинжилгээ хийх хүсэлтээ ирүүлсэн. Хяналт шалгалтын явцад бүрэн автомат төхөөрөмжөөр иргэдэд үйлчлээгүй байж ЭМДС-гаас санхүүжилтээ авахдаа бүрэн автомат төхөөрөмжөөр оношилгоо хийсэн мэтээр мөнгөө нэхэмжилж санхүүжилтээ авч байсан нь илэрсэн. Ингэхдээ нэлээн олон даатгуулагчийн  шинжилгээг  хагас автомат төхөөрөмжөөр хийж байсныг тогтоосон. ЭМДС-гаас нийт 8715 даатгуулагчийн 876 сая 760 мянган төгрөгийн зардал нэхэмжилж авсан нь тогтоогдсон. Харин  “Ай Ти” лабораторийн хувьд мэргэшсэн хүний нөөцгүй,  их эмчгүй байсан гэх ноцтой зөрчил илэрсэн. Энэхүү үндэслэлээр улсын байцаагчийн акт тавигдсан” гэв.

ЭМДЕГ-ын Хяналт шалгалтын газрын дарга  И.Энхбат, “2018 оны  дөрөвдүгээр сараас “Элэг бүтэн Монгол”  үндэсний тус хөтөлбөрийн хоёр дахь шат эхэлсэн. Үүнд Монгол Улсын нийт 15-аас дээш насны иргэн элэгний B, С вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдаж байна.  Түр түдгэлзүүлсэн 15 лабораториас шалгалтын зөвлөмж, албан шаардлагын дагуу тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чанарын гадаад дотоод үнэлгээнд хамрагдсан “Меданалитик”, "Протлаб", "Гялс" зэрэг  лаборатори гэрээгээ байгуулан ажиллаж байна. Үлдсэн лабораториудын хувьд манай байгууллагад хүсэлтээ ирүүлэн, технологийн шинэчлэлтээ хийн, гадаад чанарын хяналтад хамрагдсан тохиолдолд үргэлжлүүлэн элэгний В,С вирус тоолох боломж нь нээлттэй" хэмээв.


ЭМДЕГ цаашид хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар эрүүл мэндийн байгууллагад шаардлага тавьж ажиллахаа 2020 оны төлөвлөгөөндөө тусгасан гэдгийг энэ үеэр онцлов.

 

 

 

Холбоотой мэдээ