Уханьд халдвар авсан өвчтөнүүдэд зориулан эмнэлгийн 10 мянган ор бэлдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-01-29 12:38:06

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадад дэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдварын голомт болох Ухань хотын халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхэд зориулан эмнэлгийн 10 мянга гаруй орыг нөөцөд бэлдэнэ гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс мягмар гарагт мэдээлжээ.


Ухань хотын янз бүрийн эмнэлгүүдэд 5300 гаруй орыг коронавирусээр халдварласан өвчтөнүүдэд зориулан бэлдэж байна гэж Үндэсний эрүүл мэндийн комиссын төлөөлөгч Жяо Яхуй хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна. Мөн дараагийн үе шатанд 6000 орчим орыг нэмж бэлдэх ажээ.


Үүний зэрэгцээ Ухань хотод коронавирусний халдварын тархалттай тэмцэх зорилгоор хоёр эмнэлэг барьж байгаа бөгөөд эдгээр нь 2000-2300 ортой юм. Уг хоёр байгууламжийн барилгын ажил ирэх хоёрдугаар сарын 2, 5-нд тус тус дуусах төлөвтэй байна.


10 мянга гаруй ортой болсноор халдвар авсан болон халдвар авсан байх магадлалтай бүх хүнийг хүлээн авах хүчин чадалтай болно гэж Жяо Яхуй хэлжээ. Хятадад лхагва гарагийн өглөөний байдлаар коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны 5974 тохиолдол мужийн зэрэглэлийн засаг захиргааны 31 бүс нутагт бүртгэгдэж, уг өвчний улмаас 132 хүн нас баржээ.  

Холбоотой мэдээ