Иргэн А.Эрдэнэ нэг цэгийн үйлчилгээний 200000 дахь үйлчлүүлэгчээр тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ
dotood_editor@montsame.mn
2016-04-23 15:17:53

“Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн нэгдүгээр салбар нэгдүгээр сарын 4-ний өдрөөс туршилтаар, 14-ний өдрөөс албан ёсоор ажиллаж буй. Харин өнөөдөр тус төвийн “200 000 дахь үйлчилгээ”  хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус төвөөр үйлчлүүлж буй 199 999, 200 000, 200 001 дэх иргэнийг тодруулж, нээлттэй засаглалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, хяналт тавин ажиллаж буй иргэн, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагыг шалгаруулан хүндэтгэл үзүүлэв. 
199 999 дахь үйлчилгээг Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Эрдэнэтуяа нийслэлийн Өмчийн харилцааны газраас, 200 000 дахь үйлчилгээг ТЭД констракшн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас, 200 001 дэх үйлчилгээг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэн Л.Лхамсүрэн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тус тус авчээ.

200 000 дахь үйлчлүүлэгчээр тодорсон ТЭД констракшн ХХК-ийн захирал А.Эрдэнэ “Манай компани өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд цогцолбор барилга барьж ашиглалтад оруулсан. Харин өнөөдөр барилгынхаа гадна ажлын зураг төлөвлөгөөг батлуулахаар ирээд 200 000 дахь үйлчлүүлэгч болсондоо их баяртай байна. Өмнө нь олон хоног явж шийдвэрлэдэг байсан ажлыг өнөөдөр ирээд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын цонхоор үйлчлүүлж 30 минутын дотор барилгын гэрээгээ байгуулахаас гадна шууд ажил эхлэх зөвшөөрлөө авлаа. Ийм зүйл болно гэж ер санасангүй. Төрийн үйлчигээ шуурхай, шударга болсонд баяртай байна” хэмээв.


Мөн нээлттэй засаглалыг хөгжүүлэхэд хөндлөнгийн хяналт тавьж ажиллаж буй иргэнээр олон нийтэд Шилэн Цогоо гэх нэрээр танигдсан иргэн Б.Цогтгэрэлийг тодруулж, хүндэт өргөмжлөл гардууллаа. Төрийн бус байгууллагаар “Ил тод байдал сан” ТББ, иргэдэд нийслэлийн мэдээллийг түргэн шуурхай хүргэж, аливаа асуудалд өөрсдийн байр сууринаас шударгаар хандаж, шийдвэрлүүлэхийн төлөө хичээн ажилладаг хэвлэлийн мэдээллийн байгууллагаар ИЙГЛ телевиз, GOGO.MN цахим хуудас, өдөр тутмын Өнөөдөр сонинг тус тус шалгаруулан хүндэт өргөмжлөл гардуулсан юм. Үйлчилгээний нэгдсэн төв үйл ажиллагаагаа явуулж эхлэснээс хойш хамгийн олон иргэдэд үйлчилсэн, хамгийн олон цаг ажилласан, хамгийн олон иргэнээс талархал авсан албан хаагчдыг Нийслэлийн Засаг даргын шагналаар шагнав.

Баянзүрх дүүрэг дэх ачааллыг сааруулах зорилгоор Хан-Уул дүүрэгт Мишээл экспо, Сонгинохайрхан дүүрэгт Драгон төвд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн 2, 3 дахь салбарыг байгуулсан. Салбарууд туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд Мишээл экспо төв дахь салбар 05 дугаар сарын 02-ны өдөр, Драгон төв дэх салбар 05 дугаар сарын 04-ний өдөр албан ёсоор нээлтээ хийнэ.

Холбоотой мэдээ