БНСУ-д коронавирусний халдварын 52 шинэ тохиолдол бүртгэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-02-21 12:04:04

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д шинэ төрлийн коронавирусний халдварын 52 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 156 болсон талаар тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс баасан гарагт мэдээлжээ.


Шинээр халдвар авсан тохиолдлын дийлэнх нь зүүн өмнөд нутгийн Дэгү хотын сүмд очсон хүмүүс бөгөөд тус хотын 2.5 сая оршин суугчийг гадуур гарахгүй байхыг уриалжээ. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, 52 тохиолдлын 41 нь Дэгү хотод болон Умард Гёнсан мужид, 3 нь Сөүл хотод бүртгэгдсэн байна.


Эрүүл мэндийн газрын удирдлагууд халдварын тархалт хурдацтай нэмэгдэж буйтай холбогдуулан тархалтыг хязгаарлах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгджээ. Уг халдвар хүнээс хүнд халдварлахаас урьдчилан сэргийлэх үүднээс амьсгалын замын өвчтэй хүмүүсийг бусад өвчтөнөөс тусгаарлахыг үүрэг болгосон гэж Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Пак Нюн Хо сэтгүүлчдэд мэдээлжээ.


Мөн Дэгү хотын эмнэлгүүдэд эмчлүүлж буй уушгины хатгалгаа туссан бүх өвчтөнөөс шинжилгээ авна гэж тэрбээр нэмж хэлжээ. БНСУ-д коронавирусний халдвартай холбогдуулан түгшүүрийн улбар шар түвшин тогтоогоод байгаа боловч үүний эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ улаан түвшнийхтэй ижил хэмжээнд хүргээд байгаа ажээ.


Дэгү хот, Умард Гёнсан мужид бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 111 хүрсэн бөгөөд тэдний 82 нь Дэгү хотын сүмд очсон хүмүүс юм. Лхагва гарагт БНСУ-ын иргэн, 63 настай эрэгтэй Чёндо хотын эмнэлэгт нас барсан байна. Мөн уг эмнэлэгт 16 хүн халдвар авснаас 5 нь сувилагч аж.


Баасан гарагийн өглөөний байдлаар коронавирусний халдвар авсан байх магадлалтай 2707 хүнийг хөл хорионд оруулсан нь өчигдрийнхөөс 847-гоор нэмэгджээ. БНСУ-д энэ сарын 3-наас хойш 14816 хүнээс коронавирусний шинжилгээ авснаас 11953-ынх нь хариу сөрөг гарсан байна. Үүнээс гадна халдвар авсан 16 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. 

Холбоотой мэдээ