Монгол Улсад “Цагаан тахал”-ын аюул ямар түвшинд хүрээд байна вэ?

Монголын мэдээ | Нийтлэл
ulzii@montsame.mn
2020-03-10 15:10:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өрх бүр, эцэг эхчүүд, анги хамт олон, байгууллага, иргэн бүрээс Таны хүүхдийн зан авир огцом өөрчлөгдөж ганцаараа байхыг илүүд үзэж байна уу? гэсэн асуултыг байнга тавьж, хүүхэддээ хараа хяналт, хайр халамж, анхаарал хандуулахыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас сануулсаар байна.


Одоогоос 8 жилийн өмнө Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-өөс баар цэнгээний газрын эзэд, ажиллагсдын яриагаар орой бүр үйлчилгээгээ зогсоон цэвэрлэгээ хийхэд тэнд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн ямар нэг ул  мөр үлддэг гэж байсныг онцолж байсан.


Ялангуяа томоохон баар, цэнгээний газруудад ийм ул мөр байх болсныг дурдаад Улаанбаатарт төдийгүй Дархан, Эрдэнэт зэрэг төв суурин газар бүрт баар цэнгээн газрууд байдгийг анхааруулан сэрэмжлүүлсэн билээ.


Энэ тухай ярих нь санаа сэдэл өгнө, чимээгүй дарж авъя гэж хэлэх хүмүүс ч байдаг. Харин энэ байдлыг ээж аав, багш нар, сургуулийн нийгмийн ажилтан, найз нөхөд нь бие биедээ анхаарал тавихгүй бол хугацаа алдана гэдгийг ҮАБЗ-өөс онцлон анхааруулж байсан юм.


Энэ аюул Монгол Улсыг тойрохгүй нь лавтай. Бид нэг дэлхий дээр, бас чөлөөт нийгэмд амьдарч байна.




Өнөөдөр Монгол Улс энэхүү тулгамдсан асуудалд ихээхэн анхаарч “Цагаан тахалтай” тэмцэх үйл ажиллагаа, цар хүрээг өргөжүүлж байгаа юм.  


Цагдаагийн ерөнхий газрын  Хар тамхитай тэмцэх газрын дарга, Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд 2019 оны 9 дүгээр сарын 18-нд албан ёсны мэдээлэл хийсэн юм.


Уг мэдээлэлд: "2019 оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой 193 хэрэгт 333 хүн холбогдон шалгагдаж байна. Үүний 23 хэрэг нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн. Үүнээс харахад энэ төрлийн хэрэг зөвхөн Улаанбаатарт биш хөдөө орон нутагт ч гарах болсныг харж болно. Нийт хүний 282 нь буюу 85,4 хувь нь 18-35 насны залуучууд байгаа бол нийт холбогдогчийн дотор 13 сурагч, төрийн албан хаагч дөрөв байна хэмээн онцолсон юм.


Мөн “Шуудан илгээмж ашиглан гадны орнуудаас Монгол Улс руу хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэх гэсэн 11 хэргийг илрүүлэн шалгаж байгаа. 2018 оны 9 дүгээр сартай харьцуулахад энэ жил 62 нэгж буюу 32,2 хувиар өссөн байна. Харин холбогдогч нарын тоо 72 нэгж буюу 21,9 хувиар өсжээ.


Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн давтан үйлдсэн байдал өмнөх оныхоос 2019 оны 9 сарын байдлаар 6,5 хувиар буюу 11 хүнээр нэмэгдсэн аж. 2019 оны эхний 9 сард гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нийт хүний 282 буюу 85,4 хувь нь 19-35 насны хүмүүс байна. Мөн 17 буюу 5,1 хувь нь насанд хүрээгүй 15-18 насны ЕБС-ийн X-XII ангийн 13 хүүхэд байна.


Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр зарим этгээд “Монгол Улс хар тамхины хэрэглээг зөвшөөрөх ёстой” гэсэн пост мэдээлэл оруулж байна. Монгол Улс хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг хуулиар хязгаарласан учраас ийм үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, хатуу тэмцэх болно. Монгол Улсын хойч ирээдүй болсон хүүхэд залуучуудыгаа хар тамхи, мансууруулах бодисоос хамгаалахын тулд идэвхтэй тэмцэнэ. Дэлхий даяар хар тамхины эсрэг, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх сургалтыг хийж байна. Хар тамхины эрэлт хэрэгцээг байнга ажиглаж, хэрэглээг бүх түвшинд хязгаарлаж уриалга гаргаж байна" гэсэн юм.


Иймд Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гарган, тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа аж.




ЦЕГ-ын харьяа Хар тамхитай тэмцэх газраас хамгийн сүүлд гаргасан тоо баримт, судалгаагаар 2020 оны эхний 2 сарын байдлаар хар тамхи мансууруулах бодистой холбоотой 42 гэмт хэрэгт 86 хүн холбогдон шалгагдаж байгаа бол 2019 оны эхний 2 сарын байдлаар 51 гэмт хэрэгт 104 хүн холбогдон шалгагдаж байжээ. Уг харьцуулалтаар гэмт хэргийн гаралт 9-өөр буюу 17,6 хувиар, гэмт хэрэгт холбогдсон хүний тоо 18 аар буюу 17,3 хувиар буурсан байна.

Монгол Улсын хэмжээнд хар тамхи болон мансууруулах бодистой холбоотой хэрэгт татагдсан хүмүүсийг хүйс болон насны хувьд авч үзэхэд 68 эрэгтэй хүн, 15 эмэгтэй,  насанд хүрээгүй /16-18 нас/ 3 хүн байна. Мөн тэднээс 19-25 насны 36 хүн, 26-35 насны 36 хүн, 36-45 насны 9 хүн, 46-55 насны 1 хүн байгаа аж. Хар тамхи болон мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсийн боловсрол, ажил эрхлэлтийн байдлыг судлахад бүрэн бус дунд боловсролтой 38 хүн, тусгай дунд боловсролтой 4 хүн, дээд боловсролтой 38 хүн, оюутан 3, дунд сургуулийн сурагч 2 байгаагаас ажилгүй 72 хүн, хувиараа хөдөлмөр эрхлэгч 5 хүн байгаа юм байна.  Харин ямар төрлийн мансууруулах бодис илрүүлснийг үзэхэд канабис өвс 5888 грамм, мөс 275 гр, шавар 12,3 гр байсан аж. Монгол Улсын хилээр мансууруулах төрлийн бодис тээвэрлэсэн иргэдийн дотор ОХУ-ын 1 иргэн, БНХАУ-ын 2 иргэн энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм байна.  




Ташрамд дуулгахад, Цагдаагийн байгууллагад албан ёсоор хураагдсан хар тамхи болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрхэн шийдвэрлэж, устгал хийж байдгийг албаны хүнээс тодруулсан юм.


“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэг бүх шатны шүүхээр хэлэлцэгдэж, эцэслэн шийдвэрлэгдсэний дараа шүүгчийн захирамжид заасны дагуу эд мөрийн баримтыг шийдвэрлэх (устгах) ажиллагаа явагддаг. Шүүгчийн захирамжаар тухайн хэргийн эд мөрийн баримтыг шийдвэрлэхийг  Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгадаг. Эд мөрийн баримтыг шийдвэрлэх ажиллагааг эхнээс нь дуустал камераар бичиж дүрсжүүлдэг. Камерын бичлэг дундаа тасрахгүй, үргэлжилдэг. Мөн эд мөрийн баримтыг устгасан тухай тэмдэглэл үйлдэж, оролцогч нарт танилцуулан гарын үсэг зуруулдаг байна. Эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримт анх хураагдах үедээ жинлэгдэж, тэмдэглэлд тусгагдан, гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулагддаг. Ингээд битүүмжлэл бүхий хайрцаг, саванд хийж, эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагддаг аж. Ингээд хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, шүүгчийн захирамжид шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтын нэршил, грамм, онцлог шинжүүдийг бүгдийг нь тусгадаг байна. Эд мөрийн баримтыг устгах ажиллагаа эхлэхэд тухайн бодисыг нэг бүрчлэн жинлээд, шүүгчийн захирамжид тусгагдсан онцлог шинжүүдтэй тулгаж  үздэг. Мөн  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай болохыг шалгадаг “Trunarc, targed ID” гэх тусгай багажаар шалгаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай болохыг дахин шалгадаг. Энэ бүхнийг тухайн ажиллагаанд оролцож байгаа бүх хүмүүс дэргэдээс нь харж хяналт тавьж бүх ажиллагаа камерын бичлэгт бичигддэг. Иймд эд мөрийн баримт солигдох, алга болох асуудал огт гарахгүй” хэмээн онцолж байв.



 

                                                                      

                                                                                     Уриалга


Сүүлийн жилүүдэд манай улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, тээвэрлэх, борлуулах, хадгалах төрлийн гэмт хэрэг, түүнд холбогдогчдын тоо жил бүр 30-35 хувиар тогтмол өсөж, шалгагдсан хүний 88.0 хувийг 13-35 хүртэл насны хүүхэд, залуучууд эзэлж байна.


Дэлхийн олон улсад ноцтой хор хөнөөл учруулж, гашуун түүх дагуулсан “Цагаан тахал”-ын аюул бидний хаяанд ирж, гэр бүл, ирээдүй хойч болсон хүүхэд, залуучууд, хамт олон, хайртай дотны хүн бүхэнд минь аюулын эрсдэл дагуулж байна.


Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж, түүний хор хөнөөлөөс улс үндэстэн, дотны хүн бүхнээ хамгаалж, урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын төдийгүй иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал юм.


Иймд цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гаргаж байна.


Та бүхэн энэхүү уриалгад нэгдэж, байгууллага, хамт олноороо мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх “сорьц тавих” шинжилгээнд сайн дураараа хамрагдан, хар тамхигүй ажлын байр, хамт олныг бий болгож энэ төрлийн гэмт хэрэгт ойр дотныхоо хэн нэгийг өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж, ирээдүй хойч үеийнхээ нийгмийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулахыг уриалж байна.


Та бид хамтдаа “Цагаан тахал”-ын аюулаас сэргийлж чадна.


        ЦЕГ-ЫН Хар тамхитай тэмцэх газар                                                                                                 2019.09.17

Холбоотой мэдээ