Франц иргэнтэй ойр байсан 126 хүнээс "COVID19" илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-12 11:32:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID19" халдвартай Франц иргэний хамт онгоцоор ниссэн, галт тэргээр зорчсон, гар барьсан зэрэг нэгдүгээр хавьтлын 126 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Халдвартай Франц иргэнийг ХӨСҮТ-д өчигдөр хүргэн эмчилж байгаа бөгөөд амин үзүүлэлтүүд сайжирсан ч сэтгэл санааны хувьд тогтворгүй байгааг тэмдэглэв. Тэрбээр, "Монголд халдвар тараасан гэж Францад ярьж байгаа хэмээн санаа нь зовж сэтгэл санаа нь тогтворгүй байна. Түүнийг эмчилж байгаа манай эмч сэтгэл санааг нь дэмжихийн тулд агаар дуслын замаар дамждаг энэ өвчин өөрийн буруугаас халдварлаагүй гэдгийг ойлгуулж, зөвлөгөө өгч тайвшруулж байна. Санаа зовно гэдэг дархлааг улам сулруулж эмчлэгдэх магадлалыг багасдаг. Тиймээс сэтгэл санааны байдлыг дэмжих эмчилгээг давхар хэрэгжүүлж байгаа бөгөөд Францын иргэн манай эмч нарын ур чадвар, үйлчилгээнд итгэж, найдаж байгаагаа илэрхийлж байна" хэмээв. 


Уг Франц иргэн Москва-Улаанбаатарын онгоцоор энэ сарын 2-нд Монгол Улсад ирсэн. Энэ сарын 7-ноос халуурч, улмаар  шинжилгээгээр "COVID-19" илэрсэн байна. 


Тус иргэнтэй онгоцоор зэрэгцээ суудалд ирж улмаар Увс аймгийн Бөхмөрөн суманд очсон англи иргэний шинжилгээний сорьц Улаанбаатар хот руу зөөвөрлөгдөн ирж байгааг тэрбээр хэллээ. Гэхдээ тус иргэн болон ойрын хүмүүст нь шинж тэмдэг илрээгүй байгааг онцоллоо. Сэжиглэж шинжилгээ авсан иргэдээс 7, 14, 21 хоногийн давтамжтай дахин шинжилгээ авахаас гадна тусгаарлах, зөвлөмж зөвлөгөө өгөх арга хэмжээг үргэлжлүүлэх юм.

Холбоотой мэдээ