Сирид коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-23 13:53:15

МОСКВА. /TASS/. Сирид коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Низар Язижи ням гарагт мэдэгдсэнийг “SANA” агентлаг иш татан мэдээлэв.


Халдвар авсан өвчтөнүүдийг Сирийн эрх баригчид Дамаскийн ойролцоох Забадани хотын “Аль-Ватани” цэргийн эмнэлгийн бааз дээр байгуулагдсан эмнэлэгт тусгаарлахаар төлөвлөсөн байна. Тус эмнэлэг рүү эрх баригчид коронавирусний халдварт өвчинтэй тэмцэхэд зориулж тусгай бэлтгэгдсэн 200 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудаа илгээжээ.


Коронавирусний тархалтын аюултай холбоотойгоор Сирийн Засгийн газар ихэнх төрийн байгууллагын үйл ажиллагааг 3 дугаар сарын 23-наас зогсоох шийдвэр гаргасан байна. Үүнээс гадна амин чухал хэрэгцээтэй бүтээгдэхүүн болох хүнсний бүтээгдэхүүн, эмийн бүтээгдэхүүн гаргаж байгаа компаниудаас бусад төрийн өмчит болон хувийн компаниудын үйл ажиллагааг зогсоох аж.

Холбоотой мэдээ