Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зарим орны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-26 15:10:18
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр ИБУИНХУ-ын Элчин сайд Филип Малон, АНУ-ын Элчин сайд Майкл С. Клечески,  Австрали Улсын Элчин сайд Дэйв Воусэн, Канад Улсын Элчин сайд Кэтрин Ивкоф нарыг хүлээн авч уулзлаа.


Тэрбээр Элчин сайд нарт "COVID-19" халдвартай холбоотой үүссэн нөхцөл байдал, Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон гадаад улсаас иргэдээ татан авах, Япон, БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэх талаар УОК-ын шийдвэрийг танилцууллаа. Мөн иргэдээ коронавирусний халдвараас сэргийлэх, иргэдийн ахуй амьдрал, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа болон Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.


Элчин сайд нар Монгол Улс төр, засгийн байгууллагууд, эмч мэргэжилтнүүд цаг алдалгүй, шуурхай ажиллаж цар тахлын тархалтаас сэргийлэн амжилттай ажиллаж байгаад талархаж энэ аюулт өвчинтэй хамтран тэмцэж ялж гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ