Хятад, Монгол, Орос “Цайны зам”-ын тухай цуврал кино бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-05-02 22:25:05

УЛААН-ҮД. /baikal-daily/. Хятад, Монгол, Оросын телевизийн компаниуд “Цайны зам”-ын тухай цуврал баримтат киноны хамтарсан зураг авалт хийх тухай гэрээнд Хятадын нийслэл Бээжин хотод гарын үсэг зурлаа.

Энэ гэрээнд гарын үсэг зурсан нь “Торгоны замын Эдийн засгийн бүс” болон “21 дүгээр зууны Далайн Торгоны зам” санаачилга хэрэгжиж буйн нэг илрэл бөгөөд уран зохиол, кино, телевизийн салбарт гурван талт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн алхам боллоо гэж Орчуулга болон Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлэх төвийн ажилтан Хуан Жоюэй ярьж байна.

Гучин ангит цуврал киноноос гадна талууд мөн гурван кино бүтээж, "Хятадын соёлын нэвтэрхий толь"-ийг монгол хэлээр хэвлэн, Хятадын ханз, монгол бичиг болон кирилл үсгийг буулгадаг орчуулгын онлайн талбарыг /платформ/ бий болгохоор төлөвлөжээ.

Цайны их зам нь Монгол, Оросын нутаг дэвсгэрээр дамжин Европт хүрдэг тэмээн жингийн зам юм. 17 дугаар зуунаас 20 дугаар зууны эхэн хүртэлх хугацаанд 13 мянган км урт, ач холбогдлоороо Торгоны замын дараа хоёрдугаарт ордог худалдааны энэ замаар Хятадаас Орос болон Европ руу цай нийлүүлдэг байжээ. Цайны зам нь Монголтой хил залгаа Хиагт, Эрхүү, Новосибирск хотуудаар дамжин Москва, Санкт-Петербургт хүрдэг байв.

Цайны их замыг 2016 он гэхэд Дэлхийн соёлын өвийн урьдчилсан жагсаалтад оруулна гэж Хятадын Соёлын өвийн хэрэг хариуцсан газар найдаж байгаа аж.

Д.Жаргал


 

 

Холбоотой мэдээ