С.Эрдэнэ: Хувьсгал хийх чадвар хүн бүрт заяахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг С.Зориг агсан 1962 оны энэ өдөр мэндэлжээ. Хамтран зүтгэгчид нь түүний хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийллээ.
Цэцэг өргөх үеэр АН-ын дарга С.Эрдэнэ, “С.Зориг өнөөдөр амьд байсан бол 58 нас хүрэх байлаа. Ид хийж бүтээх нас нь байв. Энэ хүний үйл хэрэг өдгөө 30 жилийн ойтойгоо золгож байна. Өөрөөр хэлбэл, ардчилсан хувьсгал, Ардчилсан нам байгуулагдсан 30 жилийн ойтой энэ хүний 58 насны өдөр давхцаж байгаа юм. 1990 оны ардчилсан хөдөлгөөнийг манлайлж, эмх цэгцтэй, аюулгүй байдлыг хангаж зохион байгуулж Монголын түүхэнд хувьсгал хийсэн. Энэ чадвар хүн бүрт заяахгүй.
Сүүлийн 300 орчим жил харийн түрэмгийлэл, их гүрний нөлөөнд байж ирсэн Монголын ард түмэнд эрх чөлөөг авчирсан гавьяатай хүн. Түүний үйл хэрэг цаашид ч цэцэглэж Монгол Улс маань улам хүчирхэг улс болж хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээв.
Монгол Улсад 1989 оноос ардчиллын төлөөх залуусын хөдөлгөөн үүсэж, түүний идэвхтэн гишүүдийн нэг нь С.Зориг байв. Тэрээр 1980 онд Орос хэлний сургалттай 23 дугаар дунд сургуулийг төгссөн. Улмаар ЗХУ-ын Ломносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг философич мэргэжлээр 1985 онд дүүргэжээ.
Ардчилсан хөдөлгөөнд идэвхийлэн оролцож байхдаа тэрээр МУИС-ийн философийн багшаар ажиллаж байсан. Энэ үед Д.Сүхбаатарын талбайд болж байсан цуглаанууд дээр МоАХ-ны зохицуулагчийн хувиар микрофон барин үг хэлж, иргэдийг өөрчлөлт, шинэчлэлд уриалж байлаа. Түүний хүчин зүтгэлээр 1990 оны гуравдугаар сард МАХН-ын төв хороо бүрэлдэхүүнээрээ огцорч, анхны ардчилсан чөлөөт сонгууль болсон.
С.Зориг нь 1992,
1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдож, 1998 оны 10 дугаар сарын 2-нд Дэд бүтцийн сайдаар ажиллаж байхдаа бусдын гарт амиа алдсан юм.