Эхний ээлжинд Эрдэнэцагаан, Онгон, Баяндэлгэр сумын ноолуурыг худалдан авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-04-21 10:12:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-тай гэрээ байгуулсан гурван ААНБ 04 дүгээр сарын 21-нд тус аймгийн Эрдэнэцагаан, Онгон суманд ноолуур худалдан авах ажиллагааг эхлүүлнэ. Ингэхдээ зөвхөн тухайн сумдын харъяаллын малчдын ноолуурыг авах бөгөөд малчид өөрийн тушаах ноолуураа сумынхаа ЗДТГ-ын ХАА-н тасагт заавал бүртгүүлсэн байх шаардлагатай.

Үүний дараа буюу 04 дүгээр сарын 22-нд ноолуур авах ажил Баяндэлгэр суманд үргэлжилнэ. Эхний ээлжинд эдгээр сумын ноолуурыг авна. Ингэхдээ ноолуурыг нэг килограммыг нь 105 мянган төгрөгөөр үнэлнэ.

Бусад сумын ноолуурыг хэзээ авах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Учир нь яамнаас тавьсан шаардлагыг хангаж, банктай гэрээ байгуулсан нь одоогоор гурван ААНБ байгаа юм байна. Эдгээр байгууллагууд өөрсдийн мөнгөн дүнгийн хэмжээнд тохирсон ноолуурыг л худалдан авна. Нэг ААНБ-д банкнаас таван тэрбум төгрөгийг олгож байгаа аж. Харин дараагийн байгууллагууд тодорхой болмогц бусад суманд энэ ажил үргэлжилнэ. ХХААХҮЯ-наас ноолуурын худалдан авах ажиллагааг 06 дугаар сарын 31 хүртэл үргэлжлүүлэн хийхийг мэдэгдсэн. Тиймээс ямартай ч бүх аймаг, сумдын бэлтгэсэн ноолуурыг тогтсон үнээр худалдан авна гэдгийг аймгийн ХХААГ-аас мэдэгдлээ.

Сүхбаатар аймгийн хэмжээнд 374,6 тонн ноолуур бэлтгэхээр төлөвлөсөн ч одоогоор бүртгүүлээд байгаа нь 394 тонн-д хүрчээ. Энэ нь нэг ямаанаас гарах ноолуурын гарц төлөвлөсөн хэмжээнээс их байгаатай холбоотой. Мөн зүүн аймгуудын ноолуур харьцангуй өндөр үнэтэй байгаа нь ноолуурын чанартай холбоотой гэв.

Ноолуур худалдан авах ажил сум суманд нь болох тул өөр сумын малчид хөрш зэргэлдээх, тодруулбал эхэлж борлуулалт хийх дээрх сумдад очиж ноолуураа тушаана гэсэн ойлголт байхгүй юм байна.

 

Холбоотой мэдээ